Ази, Номхон далайн бүсийн орнуудын парламентчид Төрийн ордонд чуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-06-12 10:59:44
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ази, Номхон далайн бүсийн орнуудын парламентчдын “Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэхэд Парламентын гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх, чадавхжуулах нь” зөвлөгөөн өнөөдөр Төрийн ордонд эхэллээ.

Парламент хоорондын хамтын ажиллагаа нь бүс нутгийн төдийгүй дэлхийн хөгжил дэвшил, олон улсын харилцааны өмнө тулгамдсан нийтлэг асуудлыг шийдвэрэлэх чухал механизм байдаг. Тиймээс энэхүү уулзалтаас бүс нутгийн улс орнуудын тогтвортой, эрчимтэй хөгжлийг хангах, хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах, төрөлтийг нэмэгдүүлэх, иргэндээ ээлтэй орчин бий болгож, залуучуудад эрх мэдэл олгох зэрэг олон чухал асуудлын гарц, шийдлийг тодорхойлно гэдэгт итгэлтэй байгаагаа УИХ-ын дарга М.Энхболд нээлтийн үеэр онцлов.

Тэрбээр, “Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилтыг түүчээлэгч орнуудын нэг юм. НҮБ Дэлхий дахины Тогтвортой хөгжлийн зорилтыг баталсны дараахан буюу 2016 оны 2 дугаар сард манай хууль тогтоох байгууллагаас Монгол Улсын 2016-2030 оны Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг баталсан. Энэхүү үзэл баримтлалын үндсэн зарчим нь Монгол хүн эрүүл амьдрах орчинтой, найдвартай ажлын байртай, орлогын тогтмол эх үүсвэртэй, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын хүртээмжтэй тогтолцоотой байж, чинээлэг, хангалуун амьдрахад чиглэж байгаа юм. Энэхүү зарчмыг хэрэгжүүлэхийн тулд 2030 он хүртэл Монгол Улс олон тулгуурт, нээлттэй эдийн засгийг хөгжүүлж, нэг хүнд ногдох ДНБ-үүнээр дунд орлоготой орнуудыг тэргүүлэх эгнээнд хүрч, дундаж болон чинээлэг давхарга давамгайлсан орон болох зорилт тавиад байна. Бид үүнийг бүс нутгийн улс орнуудтай хамтран хэрэгжүүлэх ёстой. Тиймээс энэхүү чуулга уулзалтад онцгой ач холбогдол өгч байгаа юм” хэмээв.

Зөвлөгөөнд Япон, БНХАУ, Малайз зэрэг Ази, Номхон далайн бүсийн 13 орны парламентын 33 төлөөлөгч оролцож, Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтын Эрүүл мэнд, сайн сайхан амьдралыг дэмжих тухай, Жендерийн эрх, тэгш байдлыг хангах тухай, Тэгш бус байдлыг арилгах тухай болон Хөгжлийн төлөөх түншлэлийг бэхжүүлэх тухай зорилтыг хэрэгжүүлэх боломж, нөхцлийн талаар хэлэлцэж байна.

Энэ үеэр зөвлөгөөнд оролцож буй олон улсын байгууллагуудын төлөөлөл, гадаад орнуудын парламентын төлөөлөгчдийн сэтгэгдлийг сонслоо.


НҮБ-ын Хүн амын сангийн Суурин төлөөлөгч Наоми Китахара: Энэ удаагийн зөвлөгөөнөөр хүн амын насжилт нэмэгдэж, төрөлт буурч байгааг шийдвэрлэх, залуучуудыг чадавхжуулах талаар ярилцаж байна. Улс орон бүр дээрх асуудлыг шийдвэрлэхээр өөр өөрийн онцлогт тохирсон шийдлүүдийг гаргаж байгаа. Энэ чиглэлээр Монгол Улсын хувьд бусад оронд туршлага хуваалцах хэмжээнд үйл ажиллагаа явуулж байна. Тухайлбал, Монгол Улс төрөлтийн өсөлтөө тогтвортой хэмжээнд барьж чадсан цөөхөн улсын нэг. Түүнчлэн залуучуудыг чадавхжуулах зорилгоор “Залуучуудын хөгжлийн тухай” хуулийг баталсан. Энэ хуулийг үндэслэн залуучуудад хөрөнгө оруулах боломж, нөхцлийг нээх зэрэг томоохон алхамуудыг хийсэн нь бусад улс оронд үлгэр дуурайлал болохуйц юм.


Япон улсын Парламентын гишүүн Карен Макишима: Японы хүн амын насжилт өндөр болж байгаа нь манай улсын өмнө тулгамдсан асуудлын нэг болоод байна. Ялангуяа хөдөө орон нутгийн иргэдийн дийлэнхийг өндөр настай хүмүүс эзэлж байна. Тэгэхээр өндөр настнуудад хүмүүнлэгийн болоод бусад дэмжлэг үзүүлэхэд анхаарч  ажилладаг. Өмнө нь энэ асуудлыг зөвхөн төрийн байгууллагууд зохион байгуулдаг байсан бол одоо хувийн хэвшил, ТББ, залуучуудын байгууллагууд түлхүү явуулдаг болсон. Мөн залуучуудыг хөдөө орон нутагт ажиллаж, амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд анхаарч байна. Ингэснээр бид Тогторвортой хөгжлөө хэрэгжүүлж чадна гэж үзэж байгаа юм.


Пакистаны парламентын гишүүн Сахибзада Мухаммед Яакуб: Манай улсын хувьд мөн л хүн амын насжилт, төрөлт болон эмэгтэйчүүд, залуучуудыг чадавхжуулах нь чухал асуудал болоод байна. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд шийдвэр гаргах түвшний хүмүүсийг чадавхжуулах нь чухал юм. Үүнд  өнөөдрийн арга хэмжээ чухал ач холбогдолтой. Дэлхийн бусад улс орнуудтай харьцуулахад манай улс хамгийн түрүүнд Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх Ажлын алба байгуулсан. Ажлын алба шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог хангах чиглэлд түлхүү анхаарч байна.

Зөвлөгөөний төгсгөлд “Улаанбаатарын тунхаг бичиг” гарах юм. Тунхаг бичгийн төсөлд залуучууд, эмэгтэйчүүд, ахмад настнуудад хөрөнгө оруулах, жендерийн мэдрэмжтэй бодлого хэрэгжүүлэхийг улс орнуудын Засгийн газарт зөвлөх, өсвөр үе, залуучуудад чадвар эзэмшүүлж, эрх мэдэл олгох, хүн амын насжилтыг бууруулж, төрөлтийг нэмэгдүүлэх чиглэлд хувийн хэвшил болон, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах зэргийг тусгасан байна.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ
Холбоотой мэдээ