Азийн хотын дарга нарын дараагийн форумаар “Хотын усны менежмент, ухаалаг хот” сэдвийг хөндөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2018-06-19 18:22:06
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотноо хоёр өдөр үргэлжилсэн Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум байнгын ажиллагаатай Нарийн бичгийн дарга нарын газар байгуулснаар өндөрлөв.
Улаанбаатар хотын захирагч С.Батболдын хэлснээр Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форумын Нарийн бичгийн дарга нарын газар нь нүүрстөрөгч багатай хотуудын хөгжил, байгаль орчноо хамгаалах чиглэлээр хотуудын хийж буй ажлын талаар байнга мэдээлэл солилцож байх юм. Хоёр жил тутамд хотуудаас нууц санал хураалтаар дараагийн хурал хийх хотыг сонгож байхаар тогтож, 2020 оны форумыг БНСУ-ын Сөүл хотод хийхээр болсон бөгөөд  “Хотын усны менежмент, ухаалаг хотын хөгжил” сэдвийг хөндөхөөр тогтов.
Агаарын бохирдол ихтэй байсан ч шийдэж чадсан Бээжин хот, цаг уурын хувьд ижил төстэй ОХУ-ын хотуудын туршлага болон форумын үеэр тавьсан илтгэлийг товхимол болгож олон нийтийн хүртээл болгох аж.

Сөүл хотын Захиргааны асуудал хариуцсан дэд дарга Жун Бён Юн, Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форумыг санаачлан, амжилттай зохион байгуулсан Улаанбаатар хотын дарга С.Батболдод талархал илэрхийлээд, Зүүн хойд Азийн бүс нутгийн хотуудад тулгамдаж буй асуудлуудаа ярилцаж, хамтран шийдэж, гарцыг олж, бие биенээ дэмжин ажиллаж чадвал жижиг, том гэлтгүй олон асуудлыг бид шийдэх боломжтой. Сөүл хотод зохион байгуулах 2020 оны форумаар Зүүн хойд Азийн хотуудын хамтын ажиллагаа, энх тайвнаар зэрэгцэн орших, стратегийн түншлэлийг хөгжүүлэх асуудлаар хамтын ажиллагааныхаа хүрээг улам бүр тэлж, ярилцах сэдвээ нэмэгдүүлэх болно гэлээ.
Б.Болд
 
Холбоотой мэдээ