"Millennium Exchange" арилжааны шилдэг системээр тодорчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-07-31 17:19:21
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Их Британийн санхүүгийн зах зээлийн мэдээлэл технологийн тэргүүлэгч сэтгүүлүүдийн нэг "Waters" сэтгүүлээс 16 дахь жилдээ зохион байгуулж буй "Waters Rankings Awards 2018" арга хэмжээний үеэр  "Millennium Exchange" системийг "Арилжааны шилдэг систем"-ээр тодруулсан байна.

Энэхүү системийг "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь Лондонгийн хөрөнгийн бирж групптэй байгуулсан “Ажлын мастер гэрээ”-ний хүрээнд 2012 оноос эхлэн өдөр тутмын арилжаанд хэрэглэж байгаа билээ.

"Миллениум Ай Ти" цогц системийг дэлхийн 10 гаруй улсын 26 хөрөнгийн бирж, банк санхүүгийн байгууллагууд ашиглаж байгаа бөгөөд энэхүү систем нь санхүүгийн бүх төрлийн бүтээгдэхүүнүүдийг төрөл бүрийн аргаар арилжих боломжтой, 50, мянган захиалгыг нэг секундэд гүйцэтгэх хүчин чадалтай, мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг өндөр түвшинд хангасан, найдвартай ажиллагаатай зэрэг маш олон давуу талтай юм.

Түүнчлэн, тус систем нь хөрөнгө оруулагчид онлайнаар арилжаанд оролцох боломжийг олгож байгаа нь үнэт цаасны ханшийн өөрчлөлт секундээр хэмжигдэж, үнэ тогтож байгаа онцлогтой арилжааны хувьд оролцогчдын шударга, жигд оролцоог хангахад хамгийн чухал үзүүлэлт болж байгаа аж. 
Холбоотой мэдээ