Шатахууны үнэ литр тутамд 120-260 төгрөгөөр буурчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
mn_tuul@montsame.mn
2015-12-08 15:22:29

Засгийн газраас авч хэрэгжүүлсэн бодлогын хүрээнд өнгөрсөн долоо хоногоос эхлэн баруун бүсийн аймгуудын шатахууны үнэ литр тутамд 120-260 төгрөгөөр буурлаа.

Монгол Улсын эдийн засаг тэлэхийн хэрээр сүүлийн 10 жилийн хугацаанд шатахууны хэрэглээ 2.2 дахин өсчээ. Энэ өсөлт бүс нутгийн хүн амын амьжиргаа, эдийн засгийн хөгжилд харилцан адилгүй нөлөөлж ирсэн байна. Судалгаанаас үзэхэд, баруун бүсийн аймгуудын иргэд Улаанбаатар хоттой харьцуулахад шатахуунаа дунджаар 10 хувь өндөр үнээр худалдан авч байсан аж.

Шатахууны үнийн энэ зөрүү 2009 онд хамгийн өндөр буюу 21 хувьд хүрч байв. Тийм учраас бүс нутгийн шатахууны үнийн зөрүүг бууруулах зорилгоор Засгийн газар 2015 оны 11 дүгээр  сарын 09-ний өдрийн 438 дугаар тогтоол гарган онцгой албан татварын хувь хэмжээг баруун, зүүн болон төвийн бүсэд ялгавартай тогтоохоор шийдвэрлэсэн юм. Үүний үр дүнд алслагдсан баруун бүс нутгийн шатахууны жижиглэн борлуулалтын үнийг төвийн бүсийн үнэтэй ойролцоо түвшинд хүртэл буулгажээ.

Шатахууны үнэ ийн буурснаар алслагдсан бүс нутгийнханы нийслэлээс худалдаж авдаг барааны үнэ буурах гэнэ. Мөн малчид, тариаланчид, аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүнээ илүү том зах зээлд бага зардлаар хүргэж борлуулах боломж бүрдэх юм. Ялангуяа, шатахууны үнээр дамжин үйлдвэрлэлийн зардал буурч, бүс нутгийн нийт эдийн засаг идэвхжихийн хэрээр хүн амын ажил эрхлэлт, амьжиргaаны түвшинд бодитой өөрчлөлт орно гэдгийг УИХ-ын дарга З.Энхболд Увс аймагт ажиллах үеэрээ онцолсон байна.

Б.Туул

Холбоотой мэдээ