Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагыг дахин хүргүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-08-08 14:48:32
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын ээлжит бус чуулганыг энэ сарын 20-ны дотор зарлан хуралдуулах шаардлагыг өнөөдөр Л.Оюун-Эрдэнэ гишүүн УИХ-ын даргад дахин хүргүүллээ.

Тэрбээр өнгөрсөн сарын 10-нд ээлжит бус чуулган зарлаж, “60 тэрбумын” гэх тодотголтой хэргийн талаар болон “Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 хувийг Стандарт банкинд барьцаалсан зэрэг хэргийг хэлэлцэх шаардлагыг УИХ-ын даргад хүргүүлсэн юм. Гэвч УИХ-ын дарга гишүүдийн ирц хүрэхгүй байна гэсэн шалтгаанаар ээлжит бус чуулган хуралдуулах боломжгүй гэсэн тайлбар ирүүлснийг эсэргүүцэж буйгаа Л.Оюун-Эрдэнэ гишүүн мэдээллийнхээ эхэнд онцолсон юм.

Тэрбээр, "Өнөөдөр би би УИХ-ын даргыг "60 тэрбум"-ын асуудлыг дахин шалгуулж, ард иргэдийн эргэлзээг тайлах, энэ сарын 20-ны дотор УИХ-ын  ээлжит бус чуулган зарлахыг шаардаж байна. Би ээлжит бус чуулганыг хуралдуулах саналыг нэр бүхий 26 гишүүний гарын үсэгтэй хүргүүлсэн. Гэтэл УИХ-ын Тамгын газар 22 гишүүний гарын үсэгтэй шаардлага хүргүүлсэн мэтээр тайлбарлаж байна. Хэрэв ээлжит бус чуулган зарлахгүй бол гарын үсэг зурсан гишүүдтэй нэгдэж эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаас эхлээд шат дараалсан бусад арга хэмжээг авах болно. Мөн "60 тэрбум"-ын асуудалтай нэр холбогдсон хүмүүст хариуцлага тооцох тогтоолыг МАН-ын Хяналтын хороо баталсан. Энэ асуудлыг нэн даруй хэлэлцэж шийдвэрлэхийг Удирдах зөвлөлөөс шаардах болно" гэлээ.

 
Ч.Ариунболд
Холбоотой мэдээ