11 дүгээр сараас эхлэн 10 жилийн хугацаатай гадаад паспорт олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-09-04 15:58:20
Увс /МОНЦАМЭ/. Энэ оноос эхлэн иргэд гадаад паспортын хугацаа дууссан тохиолдолд сунгалт хийхгүйгээр дахин шинээр авч байгаа. Тодруулбал, 32500 төгрөгөөр 5 жилийн хугацаатай гадаад паспортыг авч байгаа аж. Тэгвэл ирэх 11-р сард Иргэний бүртгэлийн тухай шинэчилсэн хууль хэрэгжиж эхэлсэнээр гадаад паспортыг дээд тал нь 10 жилийн хугацаатай авах боломж бүрдэх юм байна.
“Гадаад паспорт авах хүсэлт өгч буй хүмүүсийн дийлэнх хувь нь цаг хугацааны хувьд шуурхай гаргуулах хүсэлтэй байдаг. Зарим иргэд бүр өнөө маргаашгүй гадаад явах ажилтай болчихлоо гэсэн тайлбар хэлдэг. Гэвч яаралтай байдлаар гадаад паспортыг захиалах боломж байхгүй. Ажил, амралт нийлээд 30 хоногийн дотор гадаад паспорт захиалгаар ирдэг. Иймд иргэд ажлаа эртнээс төлөвлөн, паспорт захиалах хүсэлтээ нэг сарын өмнө өгөх хэрэгтэй байна” хэмээн аймгийн УБХ-ийн иргэний ахлах бүртгэгч Ц.Амгаланнамжил хэллээ. Увс аймгийн иргэдийн хувьд ихэвчлэн хөрш зэргэлдээ ОХУ-ын Тува улсад зорчих, аялах зорилгоор гадаад паспорт гаргуулдаг байна.
Б.Батхүү
Холбоотой мэдээ