НӨАТ-ын баримт олгоогүй 200 орчим худалдаа, үйлчилгээний газарт хуулийн хариуцлага тооцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-09-05 11:26:12
Увс /МОНЦАМЭ/. “НӨАТ-ын баримт олгохгүй байгаа аж ахуйн нэгжүүдийг иргэд тухай бүрт нь аймгийн Татварын хэлтэст мэдээлэх хэрэгтэй. Хуулийн хүрээнд НӨАТ-ын баримт олгоогүй бол иргэнийг 150 мянган төгрөгөөр, аж ахуйн нэгжийг 1.5 сая төгрөгөөр торгох ёстой. Он гарсаар Увс аймгийн 200 орчим худалдаа үйлчилгээниий газруудад хуулийн хариуцлага оногдуулаад байна” хэмээн аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч З.Оюунгэрэл мэдээллээ.
 
Аймгийн хэмжээнд 2000 орчим худалдаа үйлчилгээний газар НӨАТ-ын баримт олгодог гэсэн мэдээ байна. Үүний цаана баримт олгохгүй байгаа газрууд цөөнгүй байгаа нь иргэдийн гомдлыг дагуулсаар байгаа юм. Нэг үеэ бодвол худалдаа үйлчилгээний газрууд баримт олгохдоо нэхүүлэх нь эрс багассан. Гэвч НӨАТ-ын баримт олгож байгаа зарим аж ахуйн нэгж, худалдаа үйлчилгээний газрууд иргэдэд олгосон баримтын мэдээллээ гурав хоногийн дотор нэгдсэн бааз руу мэдээлээгүйн улмаас иргэдийг хохироох байдал их гарах болжээ. Нэг ёсондоо аж ахуйн нэгжүүд цахим төлбөрийн баримтын мэдээллийг цаг хугацаанд нь илгээдэггүйн улмаас бусад аймгуудтай харьцуулбал Увс аймгаас НӨАТ-ын азтан тодрох байдалд сөргөөр нөлөөлж байгаа гэнэ.
Б.Батхүү
Холбоотой мэдээ