ЗАВХАН: Үйл ажиллагаагаа идэвхтэй явуулдаг бол сангаас дэмжлэг авах боломжтой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-11-28 17:10:50

Завхан/МОНЦАМЭ/.Тус аймагт жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгох хөнгөлөлттэй зээлд хамрагдахаар энэ онд нийт 23 аж ахуйн нэгж хүсэлтээ ирүүлжээ. Үүнээс 13 аж ахуйн нэгжийн 797.5 сая төгрөгийн зээлийн хүсэлтийг цахим системд баталгаажуулан судалсан байна. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлд ямар шалгуураар хамрагдаж болох талаарх мэдээллийг Завхан аймгийн ХХААГ-ын мэргэжилтэн Н.Бадамгараваас асууж тодруулав.

 

-Завхан аймагт жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас нийт хэчнээн аж ахуйн нэгж зээл авсан байдаг вэ?

-Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2019, 2020 онд 13 аж ахуйн нэгж зээл авсан байна. Шууд зээл буюу Жижиг дунд үйлдвэрийн газраас хоёр аж ахуйн нэгж, нэг хоршоо нь 2017, 2018, 2019 онд зээл авсан.  Харин 2021 онд жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээл зарлагдаагүй.

Харин энэ жилийн тухайд төсөл хүлээн авах хугацааг 2022 оны зургаадугаар сарын 06-аас эхлүүлж, долоодугаар сарын 06-ний өдрийн өглөөний  08 цаг 30 минут хүртэл хугацаанд зөвхөн цахимаар хүлээн авсан. Аймгийн хэмжээнд нийт 23 аж ахуйн нэгж хүсэлт ирүүлснээс 13 аж ахуйн нэгжийн 797.5 сая төгрөгийн зээлийн хүсэлтийг цахим системд баталгаажуулан, судлагдсан байна. Үүнээс иж бүрдлийн шалгалт буюу материал бүрдүүлэлт дутуу 11 аж ахуйн нэгж дараагийн шатны шалгуур үзүүлэлтэд тэнцэх боломжгүй гээд хасагдсан. Харин нэр бүхий хоёр аж ахуйн нэгжийн төсөл дараагийн шат буюу нарийвчилсан үнэлгээ шатанд тэнцсэн.

 

-Ер нь зээл хүссэн болон, зээл авсан аж ахуйн нэгжүүд ямар чиглэлийн үйл ажиллагааг хийхээр төлөвлөсөн байдаг юм бол?

-Жил бүр Хүнс Хөдөө Аж Ахуй Хөнгөн Үйлдвэрийн сайдын тушаалаар жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох салбар, чиглэлийг баталж ирүүлдэг. Төсөл ирүүлэгч аж ахуйн нэгж байгууллагууд нь өөрсдийн салбар, чиглэлийн дагуу төслөө ирүүлдэг. Түүнээс яг тэр энэ гэх юмгүй. Салбар бүрийн чиглэлээр төслийн санал ирж байна.

 

-Ямар шалгуураар, тэнцсэн аж ахуйн нэгж байгууллага зээл авах боломжтой байдаг вэ? Энэ зээлийн давуу тал нь юу юм бэ?

-Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журмын 1.4 буюу 5.9 дахь заалт, төсөлд тавигдах шаардлага, бүрдүүлэх материалын дагуу төсөл ирүүлсэн аж ахуйн нэгж, хоршооны материал нь дараагийн шатны шалгуур тэнцэх боломжтой. Төсөл ирүүлэгч аж ахуйн нэгж, хоршоо нь үйл ажиллагаагаа идэвхтэй явуулдаг, ажлын байраа  өргөжүүлэх, шинээр ажлын байр бий болгох аж ахуйн нэгжүүд хамрагдах боломжтой. Зээлийн давуу тал гэвэл, таван жилийн хугацаатай, гурван хувийн хүүтэй зээл учраас бизнес эрхлэгч аж ахуйн нэгжид дарамтгүй, эргэн төлөх хугацаа нь боломжийн зээл юм.

 

-Тэгвэл сонгон шалгаруулалт нь хэрхэн явагддаг юм бол?

-Мэдээж эхлээд төслийн зарыг нэг сарын хугацаанд олон нийтэд мэдээлнэ. Дараа нь төслөө хүлээн авна, Удирдамжийн дагуу төсөлд тавигдах шаардлага, төслийн иж бүрдлийг шалгана. Тухайн төслийн нарийвчилсан судалгааг хийнэ. Ингээд төсөл сонгон шалгаруулах харьяа дүүргийн дэд хорооны хуралд оруулдаг. Энэ дэд хороо нь дарга, нарийн бичгийн даргаас бүрдсэн найман хүний бүрэлдэхүүнтэй байдаг. Ингээд төсөл сонгон шалгаруулах хурлаас төслийн шалгаруулалтын үр дүнг мэдээлнэ. Эцэст нь төслийн санхүүжилт хийгдэж, хамтын ажиллагаа эхэлдэг.


-Завхан аймагт жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас дэмжлэг авах төслийн үйл явц хэрхэн өрнөв?

-Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан "Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам"-д зааснаар улсын хэмжээнд төсөл хүлээн авах зарыг орон даяар  нэгэн зэрэг 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс  07 дугаар сарын 06-ны өдрийн хооронд цахимаар хүлээн авсан. Ингээд Завхан аймгийн хэмжээнд 797,574,383 сая  төгрөгийн 13 төсөл цахимд буюу программд баталгаажсанаас төслийн иж бүрдэл шалгах шатанд 11 төсөл хасагдсан. Ингээд урьдчилсан, нарийвчилсан судалгаанд хоёр төсөл шалгаран үлдэж,  дэд хорооны шатанд 137  сая төгрөгийн хоёр төсөл шилжсэн. Журмын дагуу төсөл сонгон шалгаруулах аймгийн дэд хороо хуралдаж, шалгарсан хоёр төслийг  төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжээр цахим, танхимаар илтгэлийг хамгаалуулан, үнэлгээ өгч, шалгарсан төслүүдийн жагсаалтыг баталсан байгаа. Урьдчилсан шатны оноо, нарийвчилсан шатны оноо, дэд хорооны гишүүдийн онооны нийлбэрээр төслүүдээ эрэмбэлэн, аймгийн Засаг даргын 2022 оны 10 сарын 20-ний өдрийн А/515 дугаар захирамж/ албан бичгээр Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан руу хүргүүлсэн байгаа.

 

-Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн тухай товч тайлбарлаж өгөөч?

-Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийг санхүүжүүлэх зорилго бүхий санг, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан гэж нэрлээд буй юм. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд дэмжлэг үзүүлж, үйл ажиллагааг нь өргөжүүлэх. Ажлын байр бий болгох, зах зээлийн эрэлтэд нийцсэн сургалт зохион байгуулах замаар жижиг, дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааны менежментийн чадавхыг сайжруулах. Зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн дэмжлэг, туслалцаа үзүүлэх замаар үндэсний эдийн засгийг хөгжүүлэх зорилготой сан юм. Тэгэхээр жижиг дунд үйлдвэрлэгчдэд бүх талаар дэмжлэг үзүүлдэг, боломжтой гарц гаргалгааг бий болгодог сан бол жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан юм.

 

-Хоршооны хөгжлийн үнэлгээг хийж байгаа. Ингэхэд аймгийн хэмжээнд хэчнээн хоршоо үйл ажиллагаа явуулдаг юм бэ?

- Засгийн газрын 2019 оны 362 дугаар тогтоолоор “Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр-III” батлагдсан. Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүднээс хоршоодын үйл ажиллагаа тогтвортой эсэхийг тогтоох, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн тоо хэмжээ, хүчин чадлын талаар нарийвчилсан мэдээлэл цуглуулах, хариуцлага, дотоод хяналтыг сайжруулах зорилгоор хоршоодын хөгжлийн үнэлгээг улс орон даяар 2020 оноос эхлэн зохион байгуулж байгаа. Хоршооны хөгжлийн үнэлгээг хэрхэн хийх талаар аймаг бүрийн мэргэжилтнүүд сурч дадлагажсанаар аймгийнхаа сумуудад энэ үнэлгээг хэрхэн хийх талаарх сургалтыг хийсэн байгаа. Хоршооны хөгжлийн үнэлгээ аймгийн хэмжээнд хийгдэж байгаа.

Тэгэхээр өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 2022 онд нийт 365 хоршоо бүртгэлтэй байна. Үйл ажиллагааных нь чиглэлээр нь нэрлэвэл, хүнсний худалдаа эрхэлж буй 34, газар тариалангийн үйл ажиллагаа явуулдаг 82, мал аж ахуйн чиглэлээр 136, мод модон эдлэл үйлдвэрлэлийн чиглэлээр 11, хадгаламж зээлийн хоршоо, мод үржүүлэг, шахмал түлш үйлдвэрлэл, вакум цонх үйлдвэрлэл, оёдол гээд бусад чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй бүртгэлтэй 105 хоршоо байна. Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа хоршоонуудын 37.2 хувь нь мал аж ахуйн чиглэлээр, 30 орчим хувь нь давс олборлолт,  22.5 хувь нь газар тариалангийн үйл ажиллагаа явуулж байна.


-Саяхан “Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, хяналт тавих журам” батлагдсан. Энэ талаар товч мэдээлэл өгөөч?

-2021 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Хоршооны тухай хууль шинэчилсэн найруулгыг баталсан. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2021 оны А/361 дугаар тушаалаар “Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ыг  баталсан байгаа. Харин сангийн үйл ажиллагааны цар хүрээг нэмэгдүүлэх зорилгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын 2022 оны “Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” А/243 дугаар тушаалаар хоршоодын өнөөгийн байдал иргэдээс ирсэн саналд үндэслэн эхний ээлжид хоршоонд, шаардлага хангах хоршоо байхгүй тохиолдолд орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч болон иргэнд зээл олгохоор зохицуулж, зээлдэгчид  тавигдах шаардлагад нэмэлт өөрчлөлт оруулсан. Завхан аймгийн хэмжээнд Хоршоог хөгжүүлэх сангаас Улиастай, Тосонцэнгэл, Их-Уул, Идэр, Тэлмэн, Түдэвтэй, Цагаанчулуут, Асгат, Эрдэнэхайрхан, Шилүүстэй сумдын 13 хоршоо, 20 аж ахуйн нэгжид 903 сая төгрөгийн зээл олгосон байна.

-Танд баярлалаа. 

Связанные новости