Гамшгийн үеийн нүүлгэн шилжүүлэлтийн асуудлыг онцгойлон хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙТЛЭЛ
erdenechimeg@montsame.mn
2018-07-04 18:04:25
УЛААНБААТАР. Гамшгийн улмаас хүчээр нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой асуудлыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн Сайд нарын бага хурлын нээлтийн өдрийн хэлэлцэх гол асуудал болгон тавилаа. 
 
“Өнгөрсөн онд гэхэд, байгалийн гамшигт үзэгдлүүдийн улмаас дэлхий даяар 19 сая орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Гамшигт хамгийн өртөмтгий бүс нутаг болох Ази тивд нүүн шилжсэн хүмүүсийн тал орчим хувь нь ногдож байна” хэмээн А.Гутерриш Нью-Йорк дахь НҮБ-ын Төв байрнаас бага хуралд оролцогчдод ирүүлсэн дүрс бичлэгийн илгээлтдээ дурдсан байна. 
А.Гутеррешийн тусгай төлөөлөгч бөгөөд НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын дарга, хатагтай Мами Мизүтори үүссэн асуудлыг “ноцтой хурц” гэж тодорхойлжээ.
“2017 онд гэхэд, Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн 8,6 сая хүн, Өмнөд Азийн улс орнуудын 2,8 сая иргэд гамшгийн аюулаас дайжин улс орныхоо дотоодод дүрвэсэн байна. Шинээр нүүн шилжих үйл явцын ихэнх нь үер, салхи шуурга зэрэг байгалийн гэнэтийн гамшигтай холбоотой байсан” гэж хатагтай Мизүтори бага хуралд тавьсан үндсэн илтгэлдээ дурджээ.  
Гамшигт нэрвэгдсэн хүмүүсийн тоог бууруулахад чиглэсэн дэлхий дахины төлөвлөгөө болох Гамшгийн эрсдэлийг бууруулах “Сендайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичгийг хэрэгжүүлэхэд чиглэсэн стратегийн төлөвлөгөөнд гамшгийн улмаас нүүн шилжихтэй холбоотой асуудлаарх шинэ чиглэлүүдийг хэлэлцэх бүс нутгийн хэлэлцүүлэг өчигдөр эхэллээ. 
Шинэ чиглэлүүдийн талаарх олон нийтийн хэлэлцүүлгийн тухай мэдээллийг НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын цахим хуудсан дахь Disaster Displacement: How to reduce risk, address impacts and strengthen resilience холбоосоор авах боломжтой.
 
Уг зөвлөмж чиглэлийг боловсруулах ажлыг Норвегийн Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн зөвлөл удирдсан ба Герман улсын Засгийн газар санхүүжүүлж, Гамшгийн үеийн нүүлгэн шилжүүлэлтийн хөтөлбөр дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан байна. “Сендайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичигт заасанчлан, нүүлгэн шилжүүлэлтийн эрсдэлийг гамшгийн эрсдэлийг бууруулах стратегийн төлөвлөгөөнд тусгах үүднээс дээрх чиглэлүүдийг боловсруулсан байна. 
Герман улсын Холбооны Гадаад хэргийн яам, Дотоодын нүүн шилжилтийг хянах мониторингийн төв, НҮБ-ын Цагаачлалын асуудал эрхэлсэн агентлаг, НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн агентлаг болон НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар нь ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтжээ.  
Саяхан Дэлхийн банкнаас гаргасан илтгэлд таамагласныг үзвэл, уур амьсгалын болон хөгжлийн талаар бодитой үйл ажиллагаа явуулахгүй байх аваас Өмнөд Азид гэхэд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр 40 гаруй сая иргэд улс орныхоо дотоодод нүүн шилжихээс аргагүйд хүрэхээр байна. 
“Нүүн шилжих эрсдэлийг хөгжлийн төлөвлөгөөнд харгалзан үзэхээс гадна онцгой байдлын үед хариу үйлдэл хийх, хүмүүнлэгийн хямралын дараах сэргээн босгох үйл ажиллагаанд тусгах нь чухал” гэдгийг НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын Ази-Номхон далайн бүсийн захирал Лоретта Хибер Жерарде тайлбарлаж байна.
“Нүүлгэн шилжүүлж буй гэр бүлүүдийг байрлуулах газар орныг тогтоохын тулд засгийн газрууд тусгай арга хэмжээнүүдийг урьдчилан авах хэрэгтэй. Бидний хувьд нийгмийн хамгааллын төлөвлөгөөний дагуу үүнд оролцох юм. Тухайлбал, урьдчилсан мэдээнд үндэслэсэн санхүүжилт гэх мэт шинэлэг шийдлүүд бий. Энэ нь цаг уурын урьдчилсан мэдээнд үндэслэн гамшиг болохоос өмнө хөрөнгө мөнгийг шилжүүлэх ба уг мөнгийг гамшгийг тэсвэрлэх чадавхийг айл өрхөд бий болгоход зарцуулах юм. 
Дээрх чиглэлд хэд хэдэн практик зөвлөмжүүдийг оруулжээ. Үүнд, гамшгийн өмнө, гамшгийн үед болон түүний дараах нүүлгэн шилжүүлэлтийг талаарх өгөгдөл мэдээллийг цуглуулах замаар эрсдэлийн үнэлгээг хийх шаардлагатай гэдгийг дурдсан байна.
Нүүлгэн шилжүүлэх эрсдэлийг янз бүрийн салбарт Гамшгийн эрсдэлийг бууруулахтай холбоотой үндэсний болон орон нутгийн хууль, дүрэм, бодлогод харгалзан тусгах хэрэгтэй. Нүүн шилжсэн нийгмийн бүлгүүд нь өөрсдөд нь шууд хамаатай Гамшгийн эрсдэлийг бууруулах болон хөгжлийн төлөвлөгөөний талаар зөвлөгөө авч байх нь зүйтэй.  
“Хэнийг ч орхигдуулахгүйн үүднээс Чиглэлүүдийг боловсруулсан. Гамшгийн улмаас нүүн шилжсэн иргэд бусдын хараанд өртөхгүй, тэдний үндсэн эрх нь хангагдахгүй байх нь олонтоо” гэж Норвегийн Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн зөвлөлийн төлөөлөгч Силви Ллоза ярьж байна. 
“Засгийн газруудын хувьд албан ёсны зөвшөөрөлгүй суурьшлын бүсүүдийг Гамшгийн эрсдэлийг бууруулах стратеги төлөвлөгөөндөө хүлээн зөвшөөрч тусгах хэрэгтэй. Хэрвээ та орон нутгийн захиргаанд бүртгэлгүй түр байранд амьдарч байгаа бол таны хүүхдүүд сургуульд сурах боломжгүй болж магадгүй, мөн эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдахад хүндрэл учирч болзошгүй”.
Засгийн газрууд бол “Сендайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичгийг хэрэгжүүлэх түншлэгчид юм. Уг баримт бичиг нь 2020 он гэхэд Гамшгийн эрсдэлийг бууруулахад чиглэсэн үндэсний хэмжээний болон орон нутгийн стратегийн төлөвлөгөөгөө боловсруулсан улс орнуудын тоог дорвитой нэмэгдүүлэх зорилготой билээ. 
Патрик Фюллер
   
 
 
 

Холбоотой мэдээ