Их ажлын эхэнд ирсэн “Эрдэнэс-Тавантолгой”

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙТЛЭЛ
ariunbold@montsame.gov.mn
2018-07-09 08:57:27
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын эдийн засгийн нэгэн тулгуур багана болсон “Эрдэнэс-Тавантолгой” компанийн уурхайчид 40 сая дахь тонн нүүрсээ өнгөрөгч долоо хоногт олборлож, түүхэн амжилтын эзэд боллоо. Тодруулбал, 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдөр болсон энэ үйл явдал нь уул уурхайн салбар төдийгүй эдийн засагт томоохон эерэг нөлөө үзүүлсэн үйл явц боллоо.

“Эрдэнэс-Тавантолгойн” уурхайчид 2011-2016 онд 20 сая тонн нүүрс олборлож байжээ. Тэгвэл үүнээс гурав дахин бага хугацаанд буюу сүүлийн хоёрхон жилд 20 сая тонн нүүрс олборлолоо. Энэ нь хэн нэгэн шидтэн хийгээд өгчихсөн ажил биш, уурхайчдын нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүн гэдэгтэй маргашгүй.

Хэдийгээр Монголдоо хамгийн их хэмжээний нүүрс олборлож чадсан хамт олон хэдий ч “Эрдэнэс-Тавантолгой” компани дөнгөж гараанаасөө хөдөлж байна. Жорк стандартаар нийт 7.4 тэрбум тонн нүүрсний нөөцтэй Тавантолгойн ордыг бараг дангаараа эзэмшдэг эл компани цаашид хэдэн арван жил ажиллаж, саяар бус тэрбум тэрбум доллараар хэмжигдэх орлого олж, иргэн бүрдээ хувь хүртээн, 1072 хувьцааг амилуулах учиртай.

Иргэн бүрийн өдөр тутамд асуудаг асуултын нэг нь яах аргаггүй 1072 хувьцаа агаад тэдэнд яаж бүртгүүлэхээс эхлээд ногдол ашиг өгөх эсэх, хэзээ гээд тодруулах зүйл мундахгүй их. Харин энэ асуултад хариулт өгүүлэхээр Эрдэнэс-Тавантолгойн удирдлага “1072 хувьцаа мэдээллийн төв”-ийг нээн, иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгч эхэлсэн нь цагаа олжээ.

Шинэхэн амжилтын эзэн болсон “Эрдэнэс-Тавантолгой” компанийнхан их ачаа тээн, хол замд мордохоор зэхэж байна. Тэд нүүрс Баяжуулах үйлдвэрээ барьж, төмөр зам, авто замаа тавьж, усан хангамжаа шийдвэрлэж, цахилгаан станцаа байгуулснаар дэлхийд өрсөлдөх замаа тодотгож, улсынхаа эдийн засагт хувь нэмэр оруулах “нигууртай”.

Тэднийх жилд 20 сая тонн нүүрс угаах үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэлээ шинэчилж, хүчин чадлыг нь хоёр дахин буюу жилд 30 сая тонн нүүрс угаах үйлдвэр барихаар төлөвлөсөн байна. Баяжуулах үйлдвэр барьснаар олон зуун ажлын байр шинээр бий болж, нүүрсний үнэ өсгөх, өртөг шингэх олон давуу талтайгаас гадна газрын хэвлийн баялгаа үр ашигтай ашиглах зөв шийдвэр юм.

Зардал өндөр гардаг учраас нүүрсээ тээвэрлэх өртгөө багасгах нь олборлогч компаниудын “толгойн өвчин” болдог. Ялангуяа авто машинаар хол замд нүүрс тээвэрлэх нь өндөр зардалтай. Тиймээс компаниуд нүүрсээ төмөр замаар тээдэг жишигтэй. Өнөөдөр “Эрдэнэс-Тавантолгой” компанийнхан төмөр замын төслөө хөдөлгөхөөр “Монголын төмөр зам”-ынхантай хоршиж, Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн дутуу баригдсан төмөр замыг барихаар сэтгэл шулууджээ. Төмөр замтай болчихвол нэг тонн нүүрсийг тээвэрлэх зардал 10 гаруй ам.доллараар багасах тооцоо бий.

Он гарнаас хойш БНХАУ-аас Ганцмодны боомтынхоо нэвтрүүлэх хүчин чадлыг багасгах бодлого баримтлах болсон. Гол худалдан авагч хөрш улсын халтай бодлогын харгайгаар нүүрсний экспорт буурч, боомтоор нэвтрэх тээврийн хэрэгслэлийн олон арван км үргэлжилсэн цуваа үүсгэн, олны анхаарлыг татаад амжсан.  Хил дээр үүссэн түгжрэлийг бууруулах, тээврийн жолооч нарын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, тээврийн эрчмээс хамааралтай осол, аваарын тоог бууруулахын тулд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн замтай зэрэгцүүлэн давхар зам тавих асуудал шийдэгдэх талдаа оржээ. Ингэснээр жилд экспортолж байгаа нүүрсний хэмжээ 2 дахин өсөх боломжтойг Монгол Улсын Засгийн газраас зарлаад буй.

Мөн Тавантолгойгоос Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Ханги боомт руу 400 орчим км авто зам тавьбал “Эрдэнэс-Тавантолгой” жилд 30 сая тонн нүүрс экспортлох боломжтой гэсэн тооцоог хийжээ.
Нүүрсээ үнэд хүргэх, баялгаа үр өгөөжтэй ашиглах, дэд бүтэц, үйлдвэрүүдийг байгуулахын тулд их хэмжээний хөрөнгө шаардлагатай. Нүүрс угаах үйлдвэр барихад барагцаагаар хагас тэрбум “ногоон” олох хэрэгтэй болно. Засгийн газар “Эрдэнэс-Тавантолгой” компанийн 15 тэрбум ширхэг хувьцааны 30 хувийг гадаадын хөрөнгийн биржид борлуулж, хөрөнгө оруулалт татах шийдвэрийг УИХ-аас хэдхэн хоногийн өмнө гаргав. Ийнхүү шийдвэр гарснаар Монголын төдийгүй, дэлхийн хэмжээний том төсөл хөдөлж эхлэх нь тодорхой боллоо.

Энэ талаар “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг хэлэхдээ “Ордын нөөцийн нэгдсэн тайлан, Цанхийн зүүн, баруун уурхайн болон нүүрс баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ, мөн компанийн болон нөөцийн үнэлгээг олон улсын стандартын дагуу хийлгэх ажлуудыг эхлүүлсэн тухайгаа мэдэгдээд, дотоодын хөрөнгийн биржид 9-р сард багтан гарч, төмөр зам, авто зам тавих, баяжуулах үйлдвэр барих, ажилчдын болон оффисын барилга байгууламж, туузан конвейерийн систем нэвтрүүлэх зэрэг олон арван ажил, төслүүд хөдөлж эхэлсэн. Энэ нь манай компанийн үнэлэмжийг өсгөж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ. Бид төлөвлөсөн хугацаандаа олон улсын зах зээлд хувьцаа гаргаж, нэмэлт хөрөнгө оруулалт босгох, шаардлагатай бэлтгэл ажлуудыг бүрэн хангахын тулд хүчин чармайлт гарган ажиллаж байгаа” хэмээн мэдээлэл өгчээ.

“Эрдэнэс-Тавантолгой” компани өнгөрсөн жил нэг их наяд төгрөгийн борлуулалт хийж, 461 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласнаар Монголын ТОП-100 аж ахуйн нэгжийн 2-рт эрэмбэлэгдсэн байдаг. Тэгвэл энэ жил 560 тэрбум төгрөг, түүнээс ч дээш хэмжээний өндөр ашигтай ажиллах төсөөлөл харагджээ. Энэ нь компанийн гүйцэтгэх удирдлагууд саяхан Хятадын “Чалко” компанитай хэлэлцээр хийж, Цанхийн зүүн уурхайн нүүрсний үнийг 1.70 ам доллараар өсгөн, 61 ам.долларт хүргэж, Баруун Цанхийн нүүрсний үнийг 70 ам.доллараас давуулж тогтоосонтой холбоотой. Юутай ч Ганцмодны боомт дээр борлуулагдаж байгаа угаасан нүүрсний хэмжээнд уурхайн аман дээрх харьцуулсан үнэтэй дөхүүлж чадсан нь жилд олох орлогоо чамлахааргүй нэмэгдүүлснээс гадна үнийн өсөлтийн хувьд том “ялалт” авчирсан нь дамжиггүй.

Ажил нь алхам алхамаар урагшилж буй энэ хамт олны төлөвлөсөн ажил, хийх бүтээн байгуулалт, эхлүүлэх төслүүд нь хөдөлж байж эх оронд илүү үр өгөөжийг авчирах нь тодорхой.  Компани анх удаа Өмнөговь аймагтай хамтын ажиллагааны гэрээг 2018 оны 5 дугаар сарын 8-ны өдөр үзэглэснээр орон нутагт “Эрдэнэс”-ээр овоглосон сургууль, цэцэрлэг, гудамж, талбай, авто зам баригдах төдийгүй, их хэмжээний тоосжилтод өртсөн Цогтцэций сумын Цагаан-Овоо багийнхан эрсдэлээс хамгаалагдах нөхцөл бүрдэж, байгаль орчин, нөхөн сэргээлтийн олон ажлууд төлөвлөгдөн, хэрэгжиж эхэлсэн нь сайшаалтай.

“Эрдэнэс-Тавантолгой” компани Монголын хамгийн олон буюу 3 сая хувьцаа эзэмшигчтэй компанийн хувьд 1072 хувьцааг “амь оруулж”, улс орны эдийн засагт өсөлт авчирч, хөгжил дагуулж чадвал дэлхийд Монголчуудыг төлөөлөх санхүүгийн нэрийн хуудас нь болох бүрэн боломжтойг хэн ч үгүйсгэж чадахгүй биз ээ.
Холбоотой мэдээ