“Фэйсбүүк” компани цахим гэмт хэргээс сэргийлэх “Ногоон суваг” нээнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2018-09-13 12:46:22
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Фэйсбүүк” компанийн Хонконг, Тайвань, Монголыг хариуцсан бодлогын газрын захирал Жорж Чэн, Ази, Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдал хариуцсан захирал Жеф Ву тэргүүтэй төлөөлөгчдийн Монгол Улсад хийсэн айлчлалын үр дүнгийн талаар өнөөдөр Харилцаа холбооны зохицуулах хороо (ХХЗХ) болон ЦЕГ-аас мэдээлэл хийв.

Манай улсад сүүлийн жилүүдэд интернэт хэрэглээ, түүний хүртээмж жилээс жилд өсөн нэмэгдэж байна. Тухайлбал, Монголд фэйсбүүк хэрэглэгчдийн тоо 2012 онд 654 мянга байсан бол өнгөрсөн жилийн байдлаар 2.7 сая болж нэмэгджээ. Айлчлалын хүрээнд “Фэйсбүүк” компанийн төлөөлөгчдийг ХХЗХ-ны удирдлагууд хүлээн авч уудзан, иргэдийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах, хуурамч хаяг нээсэн иргэдийг тодорхойлох чиглэлээр хамтран ажиллахаар тохирсон байна. Энэ хүрээнд Фейсбүүк” компаниас Монгол Улсад “Ногоон суваг” нээх болжээ. Монгол Улс ХХЗХ-ны дэргэд ЦЕГ болон холбогдох байгууллагуудын хамтарсан мэргэжлийн ажлын хэсэг байгуулж, “Ногоон суваг”-аар дамжуулан хуурамч хаяг, бага насны хүүхдийг садар самуун, гэмт хэрэг, амиа хорлолтод уруу татдаг групп, хуудас зэргийг хаах чиглэлээр “Фэйсбүүк” компанитай шууд харилцаатай ажиллана гэдгийг ХХЗХ-ны Хамтын ажиллагаа харилцагчийн хэлтсийн дарга Б.Мягмарнаран мэдээллийнхээ эхэнд онцолллоо.
 
Тэрбээр, “Уулзалтын үеэр Фэйсбүүк хаягийг баталгаажуулах чиглэлд нягт хамтран ажиллах боллоо. Өөрөөр хэбэл, төрийн байгууллагууд, төрийн түшээд, олны танил хүмүүсийн албан ёсны хаягийг “Фэйсбүүк” компани руу илгээж баталгаажуулна. Ингэснээр олны танил хүмүүсийн нэр ашиглаж нээсэн хуурамч хаягууд устах юм” гэлээ.
 Мөн айлчлалын хүрээнд “Фэйсбүүк” компанийн төлөөлөл ЦЕГ-ын удирдлагуудтай албан ёсны уулзалт хийж, нийгмийн сүлжээн дэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар ярилцсан байна. Улмаар Монгол Улсын хууль тогтоомжид уялдуулан ЦЕГ-тай хамтран ажиллах, харилцан мэдээлэл солилцох, иргэдэд Фэйсбүүкийн зөв хэрэглээний талаар сургалт зохион байгуулах болжээ. Энэ хүрээнд тус компанийн төлөөлөл энэ оны 11 дүгээр сард Монгол Улсад дахин ажиллахаар төлөвлөж байгаа аж. 

Мэдээллийн дараа сэтгүүлчид сонирхсон асуултад хариулт авлаа.
 
-Цахим орчноор дамжин үйлдэгдэж буй гэмт хэргийн илрүүлэлт, шийдвэрлэлт ямар байна вэ?
 
-2017 онд цахим орчноор дамжуулан гэмт хэрэг үйлдсэн 299 тохиолдол бүртгэгдсэн. Харин энэ оны эхний 6 сард 279 бүртгэгдлээ. Ихэвчлэн хувь хүний Фэйсбүүкийг ашиглан хамаатан садан, найз нөхдөөс нь мөнгө авах тохиолдол бүртгэгдсэн. Эрүүгийн хуулийн 26 дугаар бүлэгт бусдын цахим хаягт нэвтрэх, халдах, залилан мэхлэх гэмт хэрэгт тооцох хариуцлагыг тодорхой заасан байгаа. Мөн цахим орчин дахь бусдын хаягт халдах программ, төхөөрөмж бүтээсэн тохиолдолд хариуцлага хүлээх хуулийн заалтууд ч бий.
 
-Иргэд цахим гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
 
-Хувь хүмүүс өөрийн фэйсбүүк хаягийн нууц үгийг утасны дугаар, нэр, төрсөн он, сар, өдрөөр хийдэг. Энэ нь цахим гэмт хэрэгт өртөх хамгийн том эрсдэл юм. Тиймээс нууц үгээ аль болох тааварлах боломжгүй олон үсэг, тоо оруулж хийх нь туйлын чухал. Нөгөөтэйгүүр бага насны хүүхдийг садар самуунд уруу татах тохиолдол бүртгэгдэж байгаа. Тиймээс эцэг эхчүүд хүүхдийнхээ фэйсбүүкийн хэрэглээг хянах хэрэгтэй. ЦЕГ-аас садар самуун, амиа хорлолт, гэмт хэрэгт уруу татаж буй фэйсбүүк групп, хуудсыг хаах Хар жагсаалт нээсэн. Энэ жагсаалтад иргэд дээрхтэй ижил агуулгатай үйл ажиллагаа явуулж буй цахим хаягуудын мэдээллийг өгч устгуулах, харъяа дүүргийнхээ цагдаагийн байгууллагад хандах хэрэгтэй. Мөн ЦЕГ-аас хэрэгжүүлж буй бага насны хүүхдийг цахим гэмт хэргээс хамгаалах “Unfriend” хөдөлгөөнд нэгдэхийг уриалж байна.
 
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Н.Батбаяр
Related news