АНУ, Куба агаарын харилцаагаа сэргээхээр тохиролцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2015-12-17 09:47:26

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын эрх баригчид Кубын талтай хоёр орны хооронд агаарын тогтмол харилцааг сэргээхээр тохиролцжээ. Энэ тухай АР агентлаг мэдээлсэн байна.

Тус агентлагийн мэдээлснээр, хоёр орны хооронд арилжааны тогтмол нислэг үйлдэх тохиролцоонд талууд Вашингтон хотод лхагва гарагт хүрчээ. Ийм тохиролцоонд хүрснээр Куба, АНУ-ын төрийн мэдлийн агаарын тээврийн компаниуд хэлэлцээ хийж эхлэх боломжтой болох бөгөөд энэ хэлэлцээ хэдэн сар үргэлжилж магадгүй байна.

АНУ-ын Флорида муж улсын өмнөд үзүүрээс ердөө 150 км зайтай оршдог Карибын тэнгисийн арал руу үйлддэг нислэгээ сэргээхэд бэлэн буйгаа Америкийн агаарын тээврийн хэд хэдэн компани мэдэгджээ.

АНУ болон Кубын улс төрийн харилцааг сэргээх үйл явцыг эхлүүлснийг тус хоёр орны эрх баригчид одоогоос яг нэг жилийн өмнө буюу 2014 оны 12 дугаар сарын 17-нд мэдэгдсэн билээ. Энэ оны долдугаар сарын 20-нд хоёр орны нийслэл хотод Элчин сайдын яамдын ажлыг сэргээсэн.

Үүнээс хойш АНУ Кубад авсан зарим хоригоо цуцалсан бөгөөд одоогоор тус улстай маш олон асуудлаар хийж буй хэлэлцээ үргэлжилсээр байна.

Д.Жаргал

 

Related news