Нефтийг "хар алт" гэхээ болино

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2016-01-07 13:48:01

2016 онд нефтийн үнэ ямар байх вэ гэдэг талаар олон улсын түүхийн эдийн шинжээчид, банкууд, хөрөнгө оруулалтын сангуудын хийж буй таамаглал нэлээд зөрүүтэй байна. Гэсэн хэдий ч Брент маркийн түүхий нефтийн үнэ нэг баррель нь 35 доллар болж буурсан нь “ёроолын цэг”-тээ хүрч унасан хэрэг мөн гэдэгтэй шинжээчдийн ихэнх нь санал нэг байгаа юм.

Эдийн засгийн аливаа процесс нь тодорхой мөчлөгтэйгээр явагддаг учраас үнийн өсөлт эхлэхийн өмнө үнэ ямар ч байсан “ёроолын цэг” гэгдэх мөчлөгийн хамгийн доод түвшинд хүрсэн байх учиртай. Тэр цэг нь 35 доллар бололтой.

Газрын тосны үнэ буурах 4 үндсэн шалтгаан бий. Үүнд, нэгдүгээрт, ОПЕК-ийн гишүүн орнууд нийлүүлэлтээ нэмэгдүүлж байгаа, хоёрдугаарт, АНУ занарын нефтийн нийлүүлэлтээ өсгөж байгаа, гуравдугаарт, Ираны эсрэг авсан эдийн засгийн хориг арга хэмжээг цуцалснаар нийлүүлэлт улам өснө гэсэн хүлээлт, түүнчлэн Хятадын эдийн засгийн өсөлт удааширсан явдал юм. Он гарсны дараахан дэгдсэн Иран, Саудын Аравийн сөргөлдөөнөөс үүдэн нефтийн үнэ бага зэрэг нэмэгдсэн боловч дэлхий дээр хангалттай хэмжээний нөөц хуримтлагдсан учраас иймэрхүү геополитикийн шинжтэй, бүс нутаг, шашин номын шинжтэй зөрчил нь үнийг өсгөх шалтгаан болж чадахгүй. Хэрвээ сөргөлдөөн цаашид хурцдах аваас Саудын Аравийн хувьд нефть олборлолтоо бууруулах нь байтугай эсрэгээр улам өсгөх бодлого барих нь гарцаагүй. Ийм нөхцөл байдалд үнэ ханш цаашид буурсаар байх болно.   

Үнэ унах гол шалтгаануудын нэг нь АНУ-тай холбоотой. Америкийн Төв банк бодлогын хүүгээ нэмэгдүүлсэн нь хөгжиж буй орнуудын валютын ханшийг бага зэрэг унагаж, нефтийн үнэд нөлөөлж магадгүй юм. Нөлөөлнө гэдэг нь бууруулна гэсэн үг.

Түүнчлэн, АНУ-ын Конгрессын гишүүдийн баталсан ирэх 2016 оны төсөвт сүүлийн 40 жилийн хугацаанд үйлчилж ирсэн АНУ-ын газрын тосны экспортын хоригийг цуцлах, түүнчлэн нефть олборлолтын салбарт 680 тэрбум ам.долларын татварын хөнгөлөлт үзүүлэх зэрэг заалтууд багтжээ.

Ингэснээр дэлхийн газрын тосны зах зээлд шинээр томоохон экспортлогч тодрон гарч ирэх нь гарцаагүй болж, тус салбарт томоохон өөрчлөлт гарна хэмээн шинжээчид үзэж байна.

Сүүлийн үед АНУ-д занарын гаралтай түүхий эдийн олборлолт хурдацтай явагдаж байгаа бөгөөд 2020 оны гэхэд тус улс нефтийн олборлолтоор Саудын Аравийг гүйцэн түрүүлэн дэлхийн хамгийн том олборлогч орон болох хэтийн төлөв харагдаж байгаа юм.

Гуравдахь үндсэн шалтгааны тухайд: Дэлхийн зах зээл дээр газрын тосны нийлүүлэлтийн илүүдэл хоногт 2,5 сая баррель болчихоод байгаа энэ үед Ираны эсрэг хориг цуцлагдаж, тус улсын нефть нэмж цутгаад эхэлбэл үнэ улам доошлох нь гарцаагүй. Иран улс нефтийн батлагдсан нөөцийн хэмжээгээр /158 тэрбум баррель/ дэлхийд 4 дүгээрт бичигддэг бөгөөд уг нөөц нь Хятад улсын хэрэглээг 40 жилийн турш хангахад элбэг хүрэлцэх аж.

Ираны Нефтийн сайдын ярьснаар бол, хориг цуцлагдмагц тэртэй тэргүй ханачихаад байгаа дэлхийн зах зээлд өдөртөө 500 мянган баррель нефть нэмж цутгах нь. Иймээс ер нь бол ойрын нэг жилийн хугацаанд нефтийн үнэ 50 доллароос дээш гарахгүй гэж шинжээчид үзэж байна. Иранчуудын хувьд, 2016-2017 оны төсөвтөө баррель нефтийн үнийг 42-50 доллар байхаар тусгажээ. Түүнээс гадна, Иран улс нийлүүлэлтээ 2 дахин өсгөнө гэсэн дуулиан трейдэрүүдийн сэтгэл зүйд хүчтэй нөлөөлж, үнэ 30 орчим долларт эргэлдэнэ гэсэн хүлээлт үүсчихээд байна.

Нөгөөтэйгүүр, Хятадын боловсруулах үйлдвэрлэл 12 дугаар сард саарсан нь он гарангуут хөрөнгийн биржүүд дээр доргилт үүсэхэд нөлөөлсөн билээ. Дэлхийн хоёрдахь том эдийн засгийн үзүүлэлтүүд тааруухан байгаа нь эрсдэл бүхий активуудын эрэлтийг бууруулж, үүнээс улбаалан, Иран-Саудын Аравийн сөргөлдөөний улмаас үл ялиг өссөн нефтийн үнийг цаашид өсгөхгүй барих хүчин зүйлийг бий болголоо.

“Гутранги” таамаглал буюу “сайн мэдээ”

“Гутранги” /монголчуудын хувьд сайн мэдээ/өнгө аястай таамаглал дэвшүүлж буй шинжээчид цөөнгүй байна. Тэдний бодлоор газрын тосны үнэ хямралын өмнөх үзүүлэлтэд дахин буцаж хүрэхээргүйгээр “газарт унах” ба “хар алт” гэдэг үг хаягдана гэж төсөөлж байна.

Энэ нь ч ортой. Ерөнхийд нь ажиглаваас, газрын тосны үнэ сүүлийн 15 жилийн хугацаан дахь хамгийн доод түвшиндээ хүрч унахаар төлөв харагдаж байгаа юм. Ийм уналт 1986 онд болж байсан бөгөөд түүнээс хойш бүхэл бүтэн 15 жил өнгөрсний дараа л үнэ ханш буцаад сэргэж байв.

Дэлхий даяар нефть хадгалах савууд нэгэнт дүүрсэн учраас 1998 онд нефтийн үнэ навс унаж байсантай адил нөхцөл байдал үүсч магадгүй гэдгийг Голдман Сакс банкны шинжээчид урьдчилан хэлж байна. Есдүгээр сарын дундуур гаргасан тус банкны тайланд “ойрын 15 жилийн хугацаанд үнэ өсөхгүй” гэж дурджээ. Тодруулбал, үнэ дунджаар 50 орчим долларт эргэлдэж, тэр ч бүү хэл 25-30 доллар болж унаж ч магадгүй гэнэ.

Харин Морган Стэнли банкны шинжээчид оны эцэс гэхэд нефтийн үнэ 40 доллар хүртэл буурснаа 2016 оны эхээр бага зэрэг өснө гэж төсөөлжээ. Гэхдээ эл өсөлт удаан үргэлжлэхгүй гэнэ. 

Их Британийн банкуудын төсөөллөөр, нефтийн үнэ 30 доллар хүртэл унахаар байна. Гэхдээ үнэ хүчтэй унах тутам 2016 онд дахин сэргэх магадлал өндөр байгаа аж.

Оросын Сбербанк-ийн захирал Герман Грефийн ярьж байснаар 2015 оны эцэс гэхэд нефтийн үнэ 25 болтлоо буурах төлөвтэй байжээ. Гэсэн хэдий ч Оросын компаниудын хувьд дампуурал нүүрлэхгүй, газрын тосны үнэ 2016 оноос тэртэй тэргүй аяндаа өснө гэдэгт оросууд итгэлтэй байна. Дэлхийд нефть олборлолтоор Саудын Аравитай тэргүүн байрыг булаацалддаг Оросын банк санхүүгийн хүрээнийхэн нефтийн үнэ 2016 онд 40-өөс дээш гарахгүй гэсэн төсөөлөлтэй байна. Тэдний үзэж байгаагаар, ойрын 3 жилийн хугацаанд үнэ 50 орчим долларт эргэлдэх аж. Оросын Сангийн сайд А.Силуановын таамагласнаар бол, 30 орчимд ирж үнэ тогтворжих бололтой. 

Саудын Аравийн Нефтийн сайд Али-аль-Наим-гийн дэвшүүлж буй хувилбараар бол үнэ 20 доллар болж унахаар байна. Учир нь, Арабын орнууд үнийн их багыг сонирхох бус харин зах зээлийн орон зайгаа хадгалах, улмаар тэлэхийг хичээж байна.

Арабчуудын хандлагыг ажвал, нефтийн үнэ ёроолдоо хүрснээр сул тоглогчид зах зээлээс аяндаа шахагдан гарч буйг сайшааж байгаа бололтой. Үүний дүнд хамгийн бага өртгөөр олборлодог компаниуд нь тэсч үлдэх бөгөөд ингэснээр нийлүүлэлт буурч, үнэ автоматаар нэмэгдэх болно.

Ер нь бол, санхүүгийн агентлагууд таамаглал төсөөлөл дэвшүүлэхдээ алдаа хийх нь хэвийн үзэгдэл.  Тухайлбал, Дэлхийн банк 7 дугаар сард таамаглал дэвшүүлэхдээ нэг баррель нефтийн үнэ оны эцэс хүртэлх хугацаанд дунджаар 57 доллар байна гэж үзэж байсан жишээтэй. Чансаа тогтоодог Мүүдиз /Moody’s/ агентлаг ч мөн адил урьд нь дэвшүүлж байсан таамаглалаа бууруулж, нефтийн үнэ 2016 онд 43 доллароос дээш гарахгүй гэжээ. 

“Өөдрөг” таамаглал буюу “тааруухан мэдээ”

Шинжээчдийн дүгнэлт зөвхөн “гутранги” өнгө аястай байна гэж үзэх нь бас өрөөсгөл.

Өөдрөг таамаглалуудын тухайд, 2016 оны эхнээс “хар алт”-ны үнэ алгуур нэмэгдсээр мөн оны 4 дүгээр улирал гэхэд оргилдоо хүрч өсөн 65-69 долларт хүрэх ажээ. Зарим бие даасан шинжээчид 70-75 долларт хүрнэ гэсэн “хэт өөдрөг” таамаглал дэвшүүлж байх жишээтэй.

Нефтийн үнэ нь улстөр, эдийн засгийн нөхцөл байдлаас ихээхэн шалтгаалдаг боловч “хар алт”-нд өөрийн өртөг гэж бий. Тухайлбал, АНУ-ын занарын ордуудаас олборлож буй нэг баррель нефтийн өөрийн өртөг 20-80 долларт хэлбэлздэг. Дундажлаад үзвэл, 57-58 доллар гэсэн үг. Одоохондоо АНУ болон ОПЕК-ийн орнууд нефтиэ өөрийнх нь өртгөөс доогуур үнээр наймаалж байгаа хэдий ч фьючерс хэлцлээс олох орлогоос энэхүү алдагдлаа нөхөж байгаа юм. Гэтэл 2016 оноос фьючерс хэлцлүүдийнх нь хугацаа эхнээсээ дуусаад эхэлнэ, иймээс зөвхөн өөрийн өртөгтэй нь уялдуулан нефтиэ олборлон борлуулахаас аргагүйд хүрэх нь ойлгомжтой. Эл хүчин зүйлийг харгалзан үзвээс, үнэ  70 долларт хүрч огцом өснө гэдэг нь оргүй таамаг огт биш юм.

Таамаглалуудыг ерөнхийд нь тоймлон дүгнэвээс, 2015 оны эцсээр нефтийн үнэ доод цэгтээ хүртэл унаад шинэ он гарангуут алгуур өсч эхлэх тухай таамаглал давамгайлж байна. Гэхдээ Хятадын болон Ази-Номхон далайн орнуудын эдийн засаг идэвхжсэнээр үнийн уналт зогсоно гэдгийг дурдах нь зүйтэй... /Үргэлжлэл бий/

Б.Адъяахүү

Related news