Хоёрдугаар сургууль дахь их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл үзүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМД.Сүхбаатар жанжны мэндэлсний 123 жилийн ой өнөөдөр тохиож байгаатай холбогдуулан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн удирдлага болон жанжны нэрэмжит хоёрдугаар сургуулийн хамт олон сургуулийн өмнө байрлах их жанжны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө.
Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө тэмцэгч, хувьсгалт тэмцлийн нэрт зүтгэлтэн Д.Сүхбаатарын бүтээсэн гавьяа үйл хэргийг мөнхлөн үлдээх зорилгоор тус сургуулийн хамт олон энэ үйл ажиллагааг уламжлал болгон зохон байгуулж буй юм.
Тус сургууль 1948 онд Д.Сүхбаатарын нэрэмжит болсон бөгөөд улс орон даяар жанжны нэрэмжит 30 гаруй сургууль, сум, сангийн аж ахуй байдаг аж.
СБД-ийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Л.Батаа хэлэхдээ, “Их жанжин Д.Сүхбаатар Монгол Улсын тусгаар тогтнолыг бэхжүүлэхэд амь биеэ үл хайрлан тэмцэж байсан, 1912 оноос цэргийн хэргийг удирдаж, 1921 оны Ардын хувьсгалыг удирдан зохион байгуулж байсан цэргийн нэрт жанжин хүн. Хиагт дахь 10 мянган гамин цэргийг бут цохин Хиагтыг чөлөөлсөн. Жанжин 200 гаруй зэвсэгт тэмцлийн 43 зэвсэгт тэмцлийг биеэр удирдаж зохион байгуулсан хэмээн түүхэнд бичсэн байдаг. Жирийн байлдагчаас цэргийн жанжин хүртэл өсөж дэвшиж байсан юм” гэв.
Цэцэг өргөх ёслолд Сүхбаатар дүүргийн удирдлагууд, ТББ-иудын төлөөлөл, 2 дугаар сургуулийн багш, сурагчид, эцэг эхийн төлөөлөл оролцов.
Ж.Болор
Гэрэл зургийг Н.Батбаяр