“Хүннү эйр” компанийн Увсын салбарынхан зорчигчдоо чирэгдүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-02-03 15:47:55

“Хүннү эйр” компанийн Увс аймаг дахь салбарынхан ажилдаа дэндүү хариуцлагагүй хандаж байна. Өчигдрийн буюу энэ сарын 2-нд Улаанбаатараас Увс-Ховдын чиглэлийн онгоц Улаангомд орон нутгийн 14 цаг 10 минутын орчимд буух байсан. Бүртгэл орон нутгийн 12.30-аас 13.30-ын хооронд гэсэн тул зорчигчдыг үдэх, бас угтах гэсэн хүмүүс “Дэглий цагаан” буудал дээр цөөнгүй очсон байв. Гэтэл онгоц цаг агаарын саатлаас болоод наашаа гараагүй, цагийн дараа ниснэ гэлээ.

Энэ хооронд 2 цаг 30 минут ниснэ, дээрээс нь цагийн дараа хөөрнө гэхээр тэнд очсон хүмүүс буцахаас өөр аргагүй болсон.

Оройн 17 цаг 10 минутын үед онгоц Улаангомд газардсан. Хот хооронд зорчигдыг үдэх, тосох гэсэн хүмүүс энэ хооронд 2 удаа явлаа. Увс аймгийн нисэх онгоцны буудал аймгийн төвөөсөө 18 км-ын зайтай оршдог. Хоёр удаа ирж очиход 70 гаруй км болж байна. Дээр нь хүмүүс энэ хооронд ирж, очсоор хагас өдрийн ажлаа алдав. Онгоцоор зорчигчдын дунд яарсан сандарсан, өвдсөн зовсон хүн өчнөөн л байлаа.

“Хүннү эйр”-ийн Увс салбарын ажилтнууд онгоц хойшилсоныг зорчигч нартаа утсаар, ядахдаа мессэж бичээд мэдэгдэж болох байсан. Өчигдрийн онгоцонд Увсаас явсан 20 гаруй хүнд онгоц хойшлосныг утасдаад хэлэхэд үсрээд л мянган төгрөгний нэгж зарна. Тэдний ажилдаа хариуцлагагүй байдлаас болоод том, жижиг нийлсэн 40 гаруй машинтай хүмүүс энэ хооронд хоёр удаа явж хамаг бензин тос, хагас өдрийн ажлаа алдлаа.

Нислэгийн компани уг нь ашигтай л ажиллаж баймаар юм. Гэтэл ард иргэдээ дахин дахин чирэгдүүлээд хямралын энэ хэцүү үед улам хямраах юм. Хотоос ирж байгаа хүмүүс ч гэсэн ялгаагүй, тэндээ бас л бөөн чирэгдэл болж байгаа. Цаашдаа ард иргэдээ бодож, аль болох хямналттай үйлчилгээг үзүүлдэг болмоор байна.

Онгоц Улаанбаатарын цагаар үдшийн 21 цаг 20 минутад хотод буусан байх юм. Цагийн хуваарийнхаа дагуу явсан бол зорчигчид дор хаяж 2 цаг хожих байв. 

                                                                                    Увс аймаг Б.Батхүү    

Related news