Цагдаа, Дотоодын цэргийн албан хаагчид цол нэмж, ХЗДХЯ-ны шагнал хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-11-24 15:19:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Монгол Улс тунхагласны 94 жилийн ойг тохиолдуулан түүхт ойн босгон дээр эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан Цагдаагийн болон Дотоодын цэргийн алба хаагчдад цол нэмж, ХЗДХЯ-ны шагнал гардуулах ёслол Нийслэлийн Цагдаагийн газарт болов.

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Төгс-Ухаан, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Цэндзэсэм нарын 15 алба хаагчийг Хууль зүйн албаны тэргүүний ажилтан тэмдэг, Цагдаагийн ерөнхий газрын Аюулгүй байдлын хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн дэд хурандаа Б.Шинэбаатар, Мөрдөн байцаах албаны ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Я.Наранбат, Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газрын ахлах мөрдөгч С.Эрдэнэбилэг нарын 29 алба хаагчийг “Цагдаагийн алдар” тэмдгээр тус тус шагнав. Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Анхбаяр, Замын цагдаагийн албаны  Мөрдөн шалгах газрын Эрүүгийн цагдаагийн хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Т.Эрдэнэлхагва, “Сүлд” чуулгын хөгжимчин, цагдаагийн ахлах ахлагч С.Төгс нарын 32 алба хаагчийг Хууль, зүй Дотоод хэргийн яамны “Хүндэт жуух бичиг”-ээр шагнаж урамшуулав.

“Цагдаагийн хурандаа” цолыг Санхүү аж ахуйн албаны тасгийн дарга Р.Төмөрбаатар, зэрэг дэв дээгүүр “Цагдаагийн дэд хурандаа” цолыг Цагдаагийн ерөнхий газрын хэлтсийн жижүүрийн ахлах офицер Ш.Энхтөр, Нийслэлийн цагдаагийн газрын хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Ц.Нарантуяа, Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгч Ч.Баярсайхан, Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Болормаа нар зүүв. Зэрэг дэв дээгүүр “Цагдаагийн хошууч” цолоор Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын замын хяналтын зохицуулагч Л.Ундармаа, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад Ж.Чулуунбаатар,  Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад Ө.Батбаяр, хугацааны өмнө “Цагдаагийн ахлах дэслэгч” цолоор “Сүлд” чуулгын гоцлол дуучин, цагдаагийн дэслэгч Ц.Амарболд нарт тус тус олгосон юм.

Related news