“Монгол цэргийн өдөр” тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-03-18 09:07:36

“Монгол цэргийн өдөр” буюу бидний нэршиж заншсанаар Цэргийн баяр өнөөдөр тохиож байна.

Ардын журамт цэрэг 1921 оны гуравдугаар сарын 18-ны өдөр Хиагт хотыг хятадын гамин цэргээс чөлөөлж, хувьсгалын анхны ялалтыг байгуулсан. Тухайн үед МОНТА нэртэйгээр байгуулагдах эхлэлээ тавиад байсан өнөөгийн МОНЦАМЭ агентлаг анхны мэдээгээ «Монголчуудын бослого» нэртэйгээр бичиж, гуравдугаар сарын 30-ны өдрийн «Правда» сонины 68 дугаарт хэвлэсэн байдаг.

1946 онд БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн хурлын тогтоолоор эл өдрийг Монгол Ардын Хувьсгалт цэргийн баярын өдөр болгон орон даяар ёслон тэмдэглэж байхаар шийдвэрлэж, цэргийн алба хаагчдын амралтын өдөр болгожээ. Уг шийдвэрийн дагуу 1947 оны энэ өдрөөс эхлэн эх орныхоо батлан хамгаалах салбарт хүчин зүтгэж буй алба хаагчид баяраа тэмдэглэх болжээ. Уг өдрийг хожим нь Ардын цэрэг, Монгол ардын арми, Монгол ардын цэрэг хэмээн хэд хэдэн удаа нэрийг нь сольсон юм.

2003 онд батлагдсан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиар 3 дугаар сарын 18-ны өдрийг “Зэвсэгт хүчний өдөр” болгон тэмдэглэж эхэлсэн бөгөөд 2011 онд уг хуульд өөрчлөлт оруулж, “Монгол цэргийн өдөр” хэмээн нэрийдсэн юм.

Хүннү гүрний морьтон баатруудын аугаа их сүр хүчийг залгамжлан Монголын өргөн уудам тал нутгаар нүүдэллэн аж төрөх тархай бутархай овог аймгуудыг нэгтгэж Их Монгол Улсыг байгуулан, өвөг дээдсийнхээ гэрээслэл, сургаалийг ёсчилсон хүн төрөлхтөний хоёр дахь мянганы аугаа суут хүн болох Эзэн Богд Чингис хааны төрийг төвшитгөх алсын хараатай мэргэн бодлого Монгол цэргийн сүр хүч, байлдах урлагийн гайхамшигийг дэлхий дахинаа таниулсаныг олон зууны буурал түүх, намтар хойч үедээ нэхэн өгүүлдэг. Монгол Улс төрийн тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалаас хойшхи нэгэн зууны турш Монголын Зэвсэгт хүчин эх орныхоо тусгаар тогтнолын баталгаа, түшиг тулгуур байсаар ирсэн бахархалт түүхтэй билээ.

Ч.Ариунболд

Related news