Түрээсийн орон сууцанд орох иргэдийг бүртгэж дууслаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-03-28 14:49:34

Ховд аймагт түрээсийн орон сууцыг иргэдэд хуваарилах төрийн орон сууцны корпорацын /ТОСК/-ын  ажилтан Ч.Чулуунлодойгоор ахлуулсан  ажлын хэсэг 3 сарын 20-ноос эхлэн ажиллаж, иргэдийг бүртгэж дуусаад байна. 

Ховд аймагт 120 айлын орон сууцнаас 94  сууцыг иргэдэд түрээслүүлэх ба орон нутагт мкв-ын үнэ 4000 байхаар тогтоосон байна.Одоогийн байдлаар 600 орчим иргэд түрээсийн байранд амьдрах сонирхолтой байгаа хүсэлт гаргасан байна.

Түрээслэгч иргэн холбогдох, бүрдүүлэх материалыг хуулийн дагуу бүрдүүлэхээр заасны дагуу тус аймагт ажилладаг ноториатын газруудад бичиг баримтаа баталгаажуулах иргэдийн дараалал ихэсчээ.

Зарим иргэд түрээсийн байранд орохоор өндөр настай ээжийгээ бичиг баримт баталгаажуулах газар хөтлөн авч ирж, өдөржин хүлээж гарыг нь барин байж гарын үсэг зуруулж, зарим нь  нялх  хөхүүл хүүхдээ тэврэн ирж, шинэ гэрлэлтээ батлуулсан залуучууд цахим үнэмлэхнээс өөр  нийгмийн даатгал төлөөгүй, ямарч  барьцаа хөрөнгөггүй ч нэгэн  байна.

Иргэдэд түрээслэх 94 орон сууцанд иргэдийг бүртгэхдээ ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй, шинэ залуу гэр бүл, орон сууцанд орж байгаагүй, өрх толгойлсон эхчүүд гэсэн квотоор ангилж, шаардлага,шалгуур хангасан иргэдэд олгох аж.

Тухайлбал ахмад настанд 19 байр түрээслүүлэх квот тогтоосон ба энэ тооноос хэтэрвэл сугалаа татуулж олгох гэнэ.

Уг байранд орох иргэн 3 сарын түрээстэй тэнцэх мөнгө барьцаанд байршуулж, нэг сарын түрээс  урьдчилан төлөх юм байна.  Нэг сарын түрээс нь 32,8 мкв нь  хоёр өрөө 145,0 мянга, 48,0 мкв   гурван өрөө байр 185,0 мянган төгрөгийн ханштай юм. Түрээслэгч дээрх төлбөрөөс гадна ашиглалтын ус, цахилгаан, хог, дулаан зэрэг урсгал зардлаа өөрсдөө төлөх аж.

Хэрвээ түрээслэгч сарынхаа түрээсийг тогтмол төлж чадахгүй бол дараагийн айлыг оруулах гэнэ.

Нэг хэсэг нь түрээсэнд төлөх мөнгөө хуримтлуулж байгаад өөрсдөө урьдчилгаа хийж 5 хувийн зээлд хамрагдах нь зөв гэж үзэж байна. Учир нь 5 жил түрээс төлсөн ч гэсэн байрны урьдчилгааны 30 хувьд хамрагдах боломжгүй аж.

                   А.Бямбасүрэн

Related news