Xүүхдүүдийн амь аварсан иргэнийг шагналаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭХоёр хүүхдийн амь аварсан Есдүгээр Тойргийн Тахарын албаны Сэлэнгэ аймаг дахь хэсгийн алба хаагч Б.Мөнхболдыг Хууль зүйн яам, Хүүхдийн төлөө байгууллага, Тахарын Ерөнхий Газраас шагнаж урамшууллаа.
Б.Мөнхболд нь 2016.01.21-ний өдөр албан үүргээ гүйцэтгээд гэртээ харьж явхад нь Сүхбаатар сумын төвийн 18-р байрны 2 давхрын тагтан дээрээс бага насны 2 хүүхэд "Ахаа туслаарай, манай гэр шатаж байна" хэмээн хашгирсан аж. Үүнийг сонссон тэрээр тус орц руу гүйн ороход орцоор дүүрэн утаатай, харанхуй байсан ба хаалганы дэргэд очиход дотроосоо шатсан байдалтай хаалганы завсраар гал улалзаж байжээ. Энэ үед залуу хажуу айлын эмэгтэйд "101 дуудаарай" гэж хэлээд гадна хаалгыг мулт татаж онгойлоход доторх давхар хаалга нь шатаж байсныг өшиглөн онгойлгож ороход бага насны эрэгтэй, эмэгтэй 2 хүүхэд тагтан дээрээ уйлаад сууж байсан байна. Тэрээр хүүхдүүдэд өөрийн өмсөж явсан гадуур хувцсаа нөмөргөн авч гарч доод давхарынх нь айлд оруулан учрыг хэлээд орхисон байна. Энэ үед онцгой байдлын гал унтраагчид ирж галыг унтраажээ. Хүүхдүүдийн эцэг, эх утсаар холбогдон хүүхдүүдийнх нь амь насыг нь аварсанд талархлаа илэрхийлсэн байна. Б.Мөнхболд өмнө нь Сэлэнгэ аймгийн онцгой байдлын албанд "аврагч, гал сөнөөгч"-өөр 8 жил ажилласан туршлагатай алба хаагч аж. Тахарын албаны Сэлэнгэ аймаг дахь хэсгийн харуул хуяг туслах тахар Б.Мөнхболд хүний амь нас аварч иргэний журамт үүргээ биелүүлсэн учир ийн шагнал хүртжээ.
Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг