“Спартак” балет УДБЭТ-ын тайзнаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-04-12 15:49:16

УДБЭТ-ын уран бүтээлчид А.Хачатурян "Спартак" балетыг ирэх амралтын өдрүүдэд буюу энэ сарын 16,17-нд тоглоно.

Уг балетын цомнолыг Рафаэлло Джовавелийн “Спартак” зохиолоос сэдэвлэн Н.Волков, А.Хачатурян 1954 онд хөгжмийг бичиж, балетмейстер Л.Якобсон Кировийн театрт 1956 оны 12 дугаар сарын 27-нд анх дэглэн найруулан тавж байжээ. А.Хачатурян уг балетын хөгжмийн зохиолоороо 1956 онд “Төрийн соёрхол” хүртэж байсан юм. Алдарт балетмейстер Юрий Григорович Москвагийн Их театрын тайзнаа 1968 онд шинээр дэглэн найруулж, ХХ зууны шилдэг балетын жагсаалтад оруулж чаджээ.

УДБЭТ-ын тайзнаа 1984 оны тавдугаар сарын 5-ны өдөр балетмейстер УГЗ, Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар Б.Жамъяндагва, Ардын зураач Ч.Гунгаасүх, Төрийн шагналт, Ардын жүжигчин, удирдаач Ж.Чулуун нар энэхүү балетыг бүтээж, О.Ганбаатар, О.Батсайхан, Д.Батхүрэл, С.Отгонням, Ч.Энх-Амгалан, Ю.Оюун, Ж.Цэцгээ, Х.Гэрэлчимэг, Н.Эрдэнэцэцэг нар гол дүрийг бүтээж байв.

“Спартак” балет нь жүжигчдээс мэргэжлийн өндөр ур чадвар, нэн ялангуяа “драматизм”-ыг нарийнаар шаарддаг, драм, бүжиг, хөгжмийн цогц бүтээл гэдгээрээ бусдаас ялгардаг. Хөгжмөөр амьдралын баяр баясгалан, хайр дурлал, дайн тэмцэл, хагацлыг хүчтэй, хурц, өнгөлөг, яруу тодоор илэрхийлдэг хөгжмийн гайхамшигт бүтээл гэж үнэлэгддэг байна.

Тасалбарыг УДБЭТ-ын билетын касс, онлайн тасалбарыг https://www.ticket.mn/event/53/ худалдаалж байна.

Ж.Болор

Related news