Уучлал гуйхыг япончууд Обамагаас шаардахгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-04-21 16:40:59

ТОКИО. /Kyodo/. Японы Хирошима хотын дарга Казуми Мацуи хэрэв АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама тус хотод айлчилбал энэ хотод америкчууд атомын бөмбөг хаясных нь төлөө уучлал гуйхыг түүнээс шаардахгүй бололтой.

АНУ-ын Ерөнхийлөгч Хирошима хотод айлчлах эсэхтэй холбоотой асуултад хариулахдаа Мацуи “айлчлах магадлал өсч байгаа” гэж хэлээд, хэрэв Обама айлчилсан тохиолдолд зөвхөн дурсгалын цогцолборт очоод зогсохгүй атомын бөмбөгдөлтийн гэрч болсон хотын оршин суугчидтай уулзана гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.

“Мэдээж хэрэг бид атомын бөмбөг хаясны хариуцлагыг хүлээх эсэхтэй холбоотой асуулт тавихыг хүсч байгаа. Гэхдээ энэ нь 70 жилийн өмнө болсон үйл явдал бөгөөд энэ асуудлыг ирээдүй хойч үе маань давж гарах ёстой” гэж Хирошима хотын дарга онцлон хэлжээ.

1945 оны наймдугаар сард америкчууд Японы Хирошима болон Нагасаки хотод атомын бөмбөг хаясан билээ. Цөмийн дэлбэрэлтийн улмаас үүссэн цацраг туяаны хордлогоор Хирошима хотод 140 мянган хүн, Нагасаки хотод 74 мянган хүн амиа алджээ. Атомын бөмбөгдөлтөд өртсөн хүмүүсийн ихэнх нь энгийн иргэд юм. Хүн төрөлхтний түүхэнд цөмийн зэвсгийг дайны зорилгоор ашигласан цорын ганц тохиолдол нь энэ юм.

Америкийн удирдагчдаас хэн нь ч өнөөг хүртэл Японы Хирошима болон Нагасаки хотод айлчлаагүй юм. Гэхдээ АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри саяхан болж өнгөрсөн “Их 7”-гийн бүлгийн дээд хэмжээний уулзалтын үеэр Америкийн бөмбөгдөлтөд өртөж амиа алдсан хүмүүсийн дурсгалд зориулан босгосон Хирошима хотын Энх тайвны цэцэрлэгт хүрээлэнд очсон билээ. Энэ алхам нь Америкийн Ерөнхийлөгч “Их 7”-гийн бүлгийн уулзалтын үеэр дайны дараах түүхэнд анх удаагаа атомын бөмбөгдөлтөд өртсөн хотод айлчилж магадгүй гэдгийг харуулж байгаа юм.

Д.Жаргал

 

 

Related news