“Улаанбурхан өвчний эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян өрнөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-05-15 11:15:52

“Улаанбурхан өвчний эсрэг хамтдаа” уриатайгаар улаан бурхан, улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтад 18-30 насны залуучуудыг хамруулах аян улс орон даяар өрнөж буй. Үүнтэй холбоотойгоор Баянхонгор аймгийн Засаг даргын захирамж гарч албан газар, байгууллагууд дээр дархлаажуулалтын түр цэг (ажлын газар, сургууль) ажиллаж эхэлжээ.

Мөн дээрх насныхан өөрт аль ойр байрлах өрхийн эрүүл мэндийн төвд хандан вакцинаа үнэ төлбөргүй хийлгэх боломжтой аж. Байгууллагуудаар албан ёсоор явж хийж байгаа вакцинжуулалтаас гадна эрхэлсэн тодорхой ажилгүй, аль нэгэн байгууллагад хамааралгүй ажил эрхэлдэг зэрэг хүмүүсийн идэвх маш сул байгааг албаныхан мөн хэлж байна. Өөрөөр хэлбэл өрхийн эрүүл мэндийн төв дээр очин сайн дураар дархлаажуулалтад хамрагдаж байгаа иргэдийн тоо хангалтгүй байгаа аж. 

Вакциныг тарихдаа хүн бүрийг овог нэр, регисрийн дугаараар бүртгэж, эмчийн үзлэгт оруулж, дархлаажуулах эсэхийг шийдэж, вакцин тарьсны дараа зүүн гарын чигчий хүруунд тэмдэглэгээ хийж, 30 минут эмчийн хяналтанд байлгах журамтай. Харин жирэмсэн эмэгтэйг вакцин тарихаас чөлөөлөх бөгөөд 18-30 насны  охид, эмэгтэйчүүдэд энэ вакциныг тарьснаас  хойших сарын хугацаанд жирэмслэхгүй байхыг зөвлөн, гарын үсгээр баталгаажуулж байна.

Жирэмсэн эмэгтэйчүүд, аливаа өвчнөөр өвчилж цочмог үедээ байгаа хүмүүс, сүүлийн 1 сарын хугацаанд ямар нэг вакцин хийлгэсэн, өндөгний харшилтай хүмүүс уг дархлаажуулалтын вакцинд хамрагдахгүй юм байна.

Б.Мөнхзул

 

Related news