БАЯНХОНГОР: Хяналт шалгалтаар 600 гаруй зөрчил илрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-05-07 12:55:53

Баянхонгор, 2024 оны тавдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. “Хүнсний аюулгүй байдал” үйл ажиллагааны хүрээнд Баянхонгор, Жинст, Богд, Баянговь, Баянлиг, Өлзийт, Баян-Овоо, Галуут, Жаргалант, Заг, Гурванбулаг сумын хүнсний худалдаа, хоол үйлдвэрлэл, хүнсний үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийлээ.


Төлөвлөгөөт бус хяналт шалгалтын хүрээнд 212 объектын 134 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг хамруулсан ажил зохион байгуулж, 623 зөрчил илрүүлэн холбогдох заалтуудыг хэрэгжүүлсэн байна. Зөрчил дутагдлын тухайд голчлон хадгалалтын хугацаа дууссан, хаяг шошгоны зөрчилтэй бараа бүтээгдэхүүн байсныг ажлын багийнхан мэдээлэв.


Тодруулбал, 354 нэр төрлийн 3004 ширхэг /13 сая гаруй төгрөг/ бүтээгдэхүүнийг улсын байцаагчийн актаар хураан авч, орон тооны бус зөвлөлд шилжүүлж, 38 иргэнд 209 заалт бүхий албан шаардлагыг хүргүүлжээ. Зөрчил гаргасан 35 иргэн, аж ахуйн нэгжид 11 сая төгрөгийн шийтгэврийн арга хэмжээ авч барагдуулах, зөрчлийг арилгуулах ажилд анхаарч ажиллаж байгааг мэдээллээ.


Түүнээс гадна төрийн албан хаагч, бизнес эрхлэгч, 8-11 ангийн сурагчид, иргэдэд "Хүнсний аюулгүй байдал"-ыг сурталчлан таниулах, давтан илэрч буй зөрчлийн талаарх мэдээллийг 26 удаагийн сургалтаар олон нийтэд хүргэсэн байна. Мөн өнгөрсөн долоо хоногт бизнес эрхлэгч нарын төлөөлөл болох 150 иргэнд шалгалтын явц дүн мэдээ, цаашид авч хэрэгжүүлэх ажлын санал боловсруулах ажлыг зохион байгуулжээ.


Хяналт шалгалт цаашид үргэлжлэх бөгөөд аймгийн хэмжээнд хүнсний худалдаа, хоол үйлдвэрлэл, хүнсний үйлдвэрлэл эрхэлдэг 707 аж ахуйн нэгжийг хамруулах юм байна.

Related news