“Евро-2016”-гийн өрсөлдөгчдийг шинжихүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ
sarnai@montsame.mn
2016-06-10 13:49:01

ПАРИC./TASS/. 2016 оны Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн /ЕАШТ/ өнөөдөр Франц улсад эхэлж байна.

Тус тэмцээний түүхэнд хамгийн олон буюу 24 улсын шигшээ баг 6 хэсэгт хуваагдан өрсөлдөх бөгөөд тоглолтууд Парис, Сен-Дени, Лион, Марсель, Лиль, Бордо, Тулуз, Ницце, Сент-Этьен, Ланс гэсэн 10 хотод болох юм.

Хэсэг бүрээс хоёр баг, түүнчлэн хэсэгтээ 3 дугаар байр эзэлсэн 6 багаас тоглолтын үзүүлэлтээрээ давуу 4 баг нийтдээ 16 баг хасагдах шатанд шалгарна. Иймд шигшээ тоглолтод үлдэх багууд 7 тоглолт хийх ёстой болж байна.

2008 оны 9 дүгээр сард Европын хөлбөмбөгийн холбооноос /УЕФА/ гаргасан шийдвэрийн дагуу тивийн аварга шалгаруулах тэмцээнд 16 улсын шигшээ баг оролцдог байсныг 24 болгож нэмэгдүүлсэн билээ. Эдгээр 24 багийг сонгон шалгаруулах урьдчилсан шатны тэмцээнд 54 улсын шигшээ баг оролцсоноос 23 нь шувтаргын шатанд шалгарч үлдсэн бол тэдэн дээр зохион байгуулагч орон болох Францын шигшээ баг нэмэгдэж байна.

А хэсэг

Энэ хэсгээс талбайн эзэн францчууд шилдэг 16-д шалгарах нь ойлгомжтой гэж мэргэжилтнүүд таамаглаж байна. Энэ багтай харьцангуй сул гэж хэлж болох Румын, Албани, Швейцарийн багууд таарсан юм.

Францын шигшээгийн хувьд олон давуу тал бий. Тухайлбал, нутагтаа тоглож байгаа, залуусын эрч хүчийг ахмад тамирчдын туршлагатай хослуулна, томоохон тэмцээнүүдэд /ДАШТ-1998, ЕАШТ-2000/ Францын шигшээд тоглон аваргалж байсан Дидье Дешам ерөнхий дасгалжуулагчаар ажиллана гэдгийг дурдах нь зүйтэй.

Харамсалтай нь, хамгаалагч Рафаэль Варан, Жереми Матье, хагас хамгаалагч Лассана Диарра нар бэртэлтэй байгаа бол довтлогч Карим Бензема спортод хамаагүй шалтгаанаар энэ удаагийн ЕАШТ-д оролцож чадахааргүй болжээ. Гэсэн хэдий ч хагас хамгаалагч Н'Голо Канте, Поль Погба, довтолгооны гурвал болох Антуан Гризманн, Оливье Жиру, Димитри Пайе нар “формдоо орж” бэлтгэл тун сайтай байгаа тул дээрх “гарз хохирол”-ыг нөхөж чадах юм.

Харин францчуудад эсэргүүцэл үзүүлж чадахаар тоглолт гаргах баг бол Швейцарийн шигшээ юм. Тус багийн бүрэлдэхүүнээс хагас хамгаалагч Гранит Жак, Жердан Шакири, хамгаалагч Штефан Лихтштайнер, Рикардо Родригес нарыг онцолж болно. Харин Албани болон Румыний багуудын хувьд хасагдах шатанд шалгарах магадлал бага байна. Румыний шигшээгийн тоглогчдоос багийн ахлагч, төвийн хамгаалагч Влад Кирикеш /”Тоттенхэм”, “Наполи” багуудад тоглож байсан/, хаалгач Чиприан Тэтэрушану /Фиорентина/ нар туршлагатайд тооцогдох бол албаничуудаас багийн ахлагч, төвийн тоглогч Лорик Цан /Лацио/-г дурдаж болох юм.

В хэсэг

Энэ хэсгээс Английн шигшээ нэгээр гарах болов уу гэж мэргэжилтнүүд таамаглаж байгаа ажээ. Учир нь, энэ багт өнгөрсөн улиралд Английн “Премьер Лиг”-т аваргалсан “Лестер Сити” болон удаалсан “Тоттенхэм”-д гялалзсан тоглолт үзүүлсэн хэд хэдэн залуу хөлбөмбөгчид байгаа юм. Тэд бол 25 гоол хийсэн Харри Кейн болон Жейми Варди /24 гоол/ нар билээ. Нөгөөтэйгүүр, Английн шигшээгийн түүхэн дэх хамгийн шилдэг довтлогч Уэйн Руни, төвийн хамгаалагч Гари Кэхилл болон хаалгач Жо Харт нарын тоглолтын арвин туршлага Английн шигшээд дэм болох нь дамжиггүй.

Хэсгийн нөгөө гурван баг болох ОХУ, Уэльс болон Словакийн хувьд тун жигд бүрэлдэхүүнтэй байгаа. Одод гэж хэлж болох Словакийн Марек Гамшик, Юрай Куцка, Владимир Вайсс нар төвийн шугамд тоглох бол ОХУ-ын Леонид Слуцкий-гийн дасгалжуулсан багаас Игорь Денисов, Алан Загоев нар бэртэлтэй байгаа учраас төвийн шугамд оросуудын хүч илт сулрах төлөвтэй байна.

Уэльсийн шигшээгийн хувьд, Испанийн Эзэн хааны “Реал Мадрид”-д тоглон “Аваргуудын Лиг”-т хоёр удаа түрүүлсэн Гарет Бэйл болон ухаалаг тоглолттой Жо Аллен, Аарон Рэмзи гээд туршлагатай сайн тоглогчид бий.

С хэсэг 

Энэ хэсэгт дэлхийн аварга германчууд болон Украин, Польш, Умард Ирландын шигшээ багууд багтжээ. Германы дасгалжуулагч Иоахим Левийн хувьд, томоохон тэмцээнүүдэд оролцож, хат суусан тоглогчид болох Томас Мюллер, Мануэль Нойер, Матс Хуммельс, Тони Кроос нарт ихээхэн найдлага тавьж байгаа. 

Гэвч германчуудын өрсөлдөгчид болох Украин болон Польшийн багуудад уран хурц тоглолттой тоглогчид цөөнгүй. Тухайлбал, “Севилья” клүбт тоглон “Европын Лиг”-т аваргалсан Украины Евгений Коноплянка байна. Түүнээс гадна, Европын шилдэг клубүүдийн овоо хараанд ороод буй Андрей Ярмоленког нэрлэж болно.

Харин польшуудын хувьд, гоол хийх асар нарийн мэдрэмжтэй Роберт Левандовски гол найдвар нь болоод байна. Тэрбээр Мюнхений “Бавари” клүбийн бүрэлдэхүүнд багтаж, 2015-2016 оны улиралд 50 тоглолтод оролцохдоо 42 гоол хийжээ.

D хэсэг
Хүчний тэнцвэрийн хувьд энэ хэсгийнхэн В хэсгийн багуудтай тун төстэй. Нэгээр гарах нь гарцаагүй гэж тооцогдож байгаа баг бол Европын аваргын цомыг хадгалж буй Испанийн шигшээ юм. 2014 онд Бразилд болсон ДАШТ-нд хасагдах шатанд шалгарч чадаагүй испаничууд багийнхаа бүрэлдэхүүнд зарим өөрчлөлтүүдийг хийсэн байна. Шави зодог тайлсан бол Хаби Алонсо, Санти Касорло нар шигшээд багтаж чадсангүй. Тэднийг авьяаслаг залуу тоглогчид болох Коке, Альваро Мората, Тьяго Алькантара нар орлох болно.

Энэ хэсгийн нөгөө  гурван багийн хувьд ч мөн адил эрч хүчтэй залуу довтлогчид олон бий. Тухайлбал, Чехийн шигшээгийн Владимир Дарида, Томаш Нецид, Ладислав Крейчи болон Хорватын Лука Модрич, Иван Ракитич, Марио Манджукич, Иван Перишич, Туркийн Хакан Чалханоглу, Арда Туран нарыг нэрлэж болно.

Хорватууд хэсгээсээ хоёроор гарах болов уу хэмээн таамаглаж байгаа хүмүүс олон байна. Учир нь, хамгаалалтад Ведран Чорлука, Дарио Срна нарын туршлагатай тоглогчид байгаа юм.

Е хэсэг

Энэ хэсгээс Бельги, Италийн шигшээ багууд шалгарна гэж таамаглаж байна. Бразилд болсон ДАШТ-ний үеэр Бельгийн шигшээ багт шинэ залуу үе өсөн бойжиж байгаа нь харагдсан билээ. Тэд бол Эден Азар, Аксель Витсель, Ромелу Лукаку, Раджа Наингголан, Кевин де Брейне нар юм. Харин төвийн хамгаалагч Венсан Компани бэртэл авсны улмаас тэмцээнд оролцохгүй болсон нь том “гарз хохирол” юм.

Х.Сарнай
 

Related news