Б.Жавхлан: Экспортын асуудал ирэх жилүүдэд том сорилт байх болно

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2021-10-27 16:17:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслийн  хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.


Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцуулсан. Дэлхий нийтийг хамарсан коронавируст халдварын улмаас ноднин дэлхийн эдийн засаг 5.3 хувь, манай улсын эдийн засаг 4.6 хувиар агшиж, төсөв, санхүүгийн хүнд жил боллоо. Монгол Улсын Засгийн газар өөрийн боломжит бүх нөөцийг дайчилж иргэдийнхээ эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжүүдийг дэмжих, эдийн засгийг идэвхжүүлэх бодлого хэрэгжүүлсний дүнд энэ оны эхний 6 сарын байдлаар 6.3 хувиар өссөн бол жилийн эцсээр 4.1 хувиар өсөхөөр хүлээгдэж байна. Засгийн газар ирэх оны төсвийн төслийг “Хөдөлмөр, бүтээмж, өсөлт”-ийг дэмжихэд чиглүүллээ. Энэ хүрээнд боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт засаглалын болон санхүүжилтийн шинэчлэлүүд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн хэмээн Сангийн сайд онцлов.


Түүнчлэн төр зардлаа танаж, цомхон чадварлаг бүтцээр ажиллах, төрийн үйлчилгээний санхүүжилтийн механизмыг өөрчлөх замаар боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, халамжийг цэгцэлж хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, ирээдүйн өв сангийн өгөөжийг нэмэгдүүлэх, улсын төсвийн хөрөнгө оруулалтыг хөгжилд чиглүүлэх, хотын түгжрэлийг бууруулах зэрэг томоохон зорилтуудыг тавьсан байна.


Алсын хараа-2050, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө, Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө зэрэг хөгжлийн бодлогын баримт бичиг, стратегиудад туссан хөгжлийн төслүүдийг эрчимжүүлэхийн зэрэгцээ экспорт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шинэчлэлийн арга хэмжээнүүдийг эхлүүлэх аж.


Гадаад худалдааг дэмжих, экспортыг нэмэх ажлын хүрээнд хилийн мэргэжлийн хяналтын алба, экспорт, импортын хорио цээрийн албаны чиг үүргийг гаалийн байгууллагад нэгтгэж, гадаад худалдаа эрхлэгчдээс шаардах баримт бичиг, биет үзлэг, шалгалтын тоог бууруулж, бараа бүтээгдэхүүнийг улсын хилээр хурдан, шуурхай, зардал багатай нэвтрүүлэх боломжийг бүрдүүлнэ.

Үүгээр зогсохгүй, гаалийн үйлчилгээг орчин үеийн дэвшилтэт техник технологи бүхий тоног төхөөрөмжөөр үзүүлж, иргэд, аж ахуйн нэгжийн гадаад худалдаанд зарцуулах цаг, зардлыг бууруулах аргаар худалдааг дэмжинэ хэмээн Сангийн сайд танилцууллаа.


Монгол Улсын эрдсийн түүхий эдийн нөөц, баялгийг өсгөх, уул уурхайн тогтвортой үйл ажиллагааг хангах хүрээнд геологийн судалгааны ажлыг 2022 оны төсвийн жилд эрчимжүүлэх аж. Мөн ирэх онд Оюутолгойн далд уурхай, Тавантолгойн цахилгаан станц, Газрын тосны бүтээгдэхүүн дамжуулах хоолой, Богдхан төмөр зам болон улсын чанартай томоохон дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлж эхлэхээр тооцжээ. Дээрх төсвийн бодлогын үр дүнд Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн нийт орлого 16.4 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 18.2 их наяд төгрөг, төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал 2.4 их наяд төгрөг буюу ДНБ-ий 5.1 хувьд хүрч, эдийн засаг 5 хувиар өсөхөөр төсөөлсөн байна.


Дараа нь Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн төслийн талаарх аудитын дүгнэлтийг танилцуулсан. Төсвийн төслийн талаарх аудитын дүгнэлт гаргахдаа төрийн аудитын стандартыг баримталж, төсвийн орлого нэмэгдүүлэх, төсвийн зарлагыг бууруулах, төсвийн санхүүжилтийн үр ашгийг дээшлүүлэхэд анхаарч ажилласны үр дүнд Улсын Их Хуралд төсвийн орлого нэмэгдүүлэх хоёр асуудлыг толилуулж, Засгийн газарт төсвийн санхүүжилтийн үр ашгийг нэмэгдүүлэх таван зөвлөмжийг өгөөд байгаа юм.  


Тус Байнгын хороонд харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчдын 2022 оны төсвийн төсөлд Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2022 оны төсвийн төсөл нь 2021 оны төсвийн төслөөс 0.5 тэрбум төгрөгөөр буурсан, Үндэсний статистикийн хорооны даргын төсөв 7.5 тэрбумаар нэмэгдсэн, Барилга, хот байгуулалтын сайдын төсөв 155.4 тэрбум төгрөгөөр, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын төсөв 35.9 тэрбум төгрөгөөр, Зам, тээврийн хөгжлийн сайдын төсөв 218.6 тэрбум төгрөгөөр, Эрчим хүчний сайдын төсөв 125.3 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгджээ.


Үндэсний аудитын газар нь аудитын явцад цуглуулсан нотлох зүйлс, аудитын дүнд үндэслэн гаргасан дүгнэлтээс тус байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах хэсгийг танилцууллаа. Тухайлбал, аудитын дүгнэлт 6.1 буюу Монгол Улсын 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөлөлд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 15 771.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 33.7 хувь, нийт зарлага 18 158.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 38.8 хувь, тэнцвэржүүлсэн тэнцэл 2,387.1 тэрбум төгрөг буюу ДНБ-ний -5.1 хувьтай тэнцэж байгаа нь төсвийн тусгай шаардлагыг хангаж байна. Гэвч төсвийн хүрээний мэдэгдлийг тухайн жилийн төсөвтөө тааруулан өөрчилж ирсэн нь нэгдсэн төсвийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн төсвийн удирдлагын зарчмын хэрэгжилт хангалтгүй байгааг харуулж байна гэжээ.


Аудитын дүгнэлт 6.10 буюу төсөвлөлтийн зарим шаардлага хангаагүй хөрөнгө оруулалтын 62 төсөл, арга хэмжээг нийгэм, эдийн засгийн ач холбогдлоор дахин эрэмбэлж хуулийн шаардлагад нийцүүлэн зохицуулалт хийх шаардлагатай гэсэн байна. Тухайлбал, Барилга, хот байгуулалтын сайдын багц дахь төсөвлөлтийн зарим шаардлага хангаагүй 36.8 тэрбум төгрөгийн санхүүжих дүн бүхий 13 төсөл, арга хэмжээ, Зам, тээврийн хөгжлийн сайдын багц дахь төсөвлөлтийн зарим шаардлага хангаагүй 108 тэрбум төгрөгийн санхүүжих дүн бүхий 7 төсөл, арга хэмжээ, Эрчим хүчний сайдын багц дахь төсөвлөлтийн зарим шаардлага хангаагүй 1 тэрбум төгрөгийн санхүүжих дүн бүхий 1 төсөл, арга хэмжээ, нийтдээ 145.8 тэрбум төгрөгийн санхүүжих дүн бүхий 21 төсөл, арга хэмжээ төсөвлөлтийн зарим шаардлага хангаагүй байгааг дурдсан.


Хэлэлцүүлгийн үеэр УИХ-аас 2018 онд ногоон болон дотоодын худалдан авалтын дэмжихээр холбогдох хуульд өөрчлөлт оруулсныг Х.Булгантуяа гишүүн сануулаад, 2019 оноос хойших энэ төрлийн худалдан авалтын харьцуулсан үзүүлэлт, ирэх оны төсвийн төсөлд ногоон худалдан авалт болон үндэсний үйлдвэрлэлийг төрийн худалдан авалтаар хэрхэн дэмжих талаар тодруулсан. УИХ-ын гишүүн C.Чинзориг ирэх онд экспортыг нэмэх чиглэлээр авч хэрэгжүүлэх ажлын талаар тодрууллаа. Мөн бүсчилсэн байдлаар мал аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулж, экспортод гаргах үйлдвэрүүд байгуулах зорилтын хэрэгжилтийн талаар, Хоршооны тухай хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр хийж хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хүсэв.  


Экспортын асуудал ирэх жилүүдэд том сорилт байх болно гэдгийг Сангийн сайд хэллээ. Гол экспортын бүтээгдэхүүн нь уул уурхайн түүхий эд байх болно, үнэ өндөр байгаа энэ үед хангалттай экспорт хийж чадахгүйгээс алдагдал хүлээх төлөвтэй байгаа талаар Б.Жавхлан сайд хэлэв. Дэлхийн зах зээл дээрх уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өндөр байгаа энэ боломжийг 2022 онд алдахгүйгээр, экспортын хэмжээг цар тахлын өмнөх үетэй ижил хэмжээнд хүргэхээр төлөвлөсөн гэв. Нөхцөл байдал гадаад, дотоод орчноос хамааралтайг дурдаад дотоодоос шалтгаалах асуудлуудаа шийдвэрлэх чиглэлд бүхий л боломжоо дайчилж байгаа гэлээ. Тухайлбал, Гашуунсухайт боомт дээр чингэлэг тээврээр нэвтрэн өнгөрүүлэх томоохон чингэлэг тээврийн терминалыг барьж дуусгасан байна. Мөн Шивээ хүрэн боомт, Замын-Үүд дэх төмөр замын тээвэрлэлтийг нэмэх ажил байгаа аж.


Аж үйлдвэрийн паркийн талаарх асуултад З.Мэндсайхан сайд хариулт өгсөн юм. Ховд аймагт байгуулах аж үйлдвэрийн паркийн бүтээн байгуулалтад ирэх оны төсөвт 9.7 тэрбум төгрөгийг суулгажээ. Дархан-Уул аймагт байгуулах арьс, ширний паркийг төрийн өмчит компаниудын ашигт ажиллагаанаас хөрөнгө оруулалт хийх байдлаар санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн Засгийн газрын шийдвэрийн дагуу Италийн энэ чиглэлийн үйлдвэртэй ТЭЗҮ-ийг боловруулаад байгаа юм байна. 2022 оны хоёрдугаар сард нарийвчилсан ТЭЗҮ-ийг манай талд хүлээлгэн өгөх аж.

Түүнчлэн малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрийг дэмжих хүрээнд БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 4 аймагт нийт 76 сая ам.долларын өртөг бүхий  4 үйлдвэр байгуулахаар ТЭЗҮ-ийг хүлээн авсан бөгөөд гэрээний нарийвчилсан хэлцэлд орохоор ажиллаж байгаа аж.

Хэлцэл амжилттай болвол ирэх оноос хэрэгжүүлж эхэлнэ гэлээ.


Хоршооны хуулийг хэрэгжилтийг хангах, хоршооны хөгжлийг дэмжих хүрээнд “Нэг суурин-нэг бүтээгдэхүүн” гэсэн аяныг ирэх онд өрнүүлэхээр төлөвлөсөн бөгөөд энэ хүрээнд сургалт, судалгаа, гарааны сургалтыг зохион байгуулахаар 80 орчим сая төгрөгийг ирэх онд төсөвлөөд байгаа талаараа Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд мэдээллээ.


УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн асуултад Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан хариулт өгсөн юм. Энэ онд хөрөнгийн зах зээлийн үзүүлэлт өсөлттэй байсныг дуулгав. Хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ түүхэндээ анх удаа 5 их наяд төгрөг давжээ. 2021 онд нийт 13 төрлийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлсэн бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооноос бодлогын болон бусад шийдвэр гарган хэрэгжүүлсэн байна. Ойрын хугацаанд салбарын эрх зүйн гол зохицуулалтыг өөрчлөхөөр төлөвлөн, ажиллаж байгаа гэв. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх улсын эрсдэлийн үнэлгээг Санхүүгийн зохицуулах хороо дангаараа хариуцаж ажиллаж байгаа бөгөөд 2023 онд ФАТФ-д харилцан үнэлгээний тайлан хамгаалах ёстой. Тиймээс мөнгө угаалт, терроризмын санхүүжилттэй тэмцэх үйл ажиллагаанд Монгол Улс анхаарлаа сулруулж болохгүй, үүн дээр тус хороонд санхүүжилт, төсвийн дэмжлэг хэрэгтэй гэдэг саналыг Д.Баярсайхан дарга хэлж байв. Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2022 оны төсвийн төсөл нь 2021 оны төсвийн төслөөс 0.5 тэрбум төгрөгөөр буурсан дүнтэйгээр төсвийн төсөлд тусгагдаад байгаа бөгөөд холбогдох саналаа Сангийн яам болон Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлсэн гэв.


УИХ-ын гишүүн М.Оюунчимэг барилгын материалын үнийн өсөлтийг хэрхэн шийдвэрлэхээр төсөвт тусгасныг тодрууллаа. Үнийн өсөлттэй холбогдуулаад УИХ-ын ажлын багийн бүрэлдэхүүнд дэд ажлын баг байгуулан ажиллаж байгаа аж. 2022 оны төсвийн төсөлд тусгагдсан төсөл, ажилд 2021 онд магадалгаа хийсэн тул ямар нэг зөрүү гарахгүй. Харин 2020 оноос өмнө зураг нь хийгдээд, магадлагдсан тохиолдолд зөрүү гарах эрсдэл бий гэв. Тиймээс үнийн индекс баталж, энэ дагуу магадлан, холбогдох тооцооллуудыг хийж, шийдвэрлэхээр ярилцаж байгаа хэмээн ажлын баг хариуллаа.  


Нэг боомт, нэг төрлийн бүтээгдэхүүнийн экспортоос хэт их хамааралтай төсвийн төсөл гэж үзэж буйгаа УИХ-ын гишүүн Х.Ганхуяг хэлээд, орлого төлөвлөсөн хэмжээн хүрэхгүй тохиолдолд төсвийн алдагдлаа хэрхэн зохицуулах талаар тодруулсан юм.

Ирэх онд 36.5 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн нь бага дүн биш гэдгийг Сангийн сайд хүлээн зөвшөөрөөд, бүх боломжоо дайчилж байгаа хэмээн хариуллаа.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон дээрх асуултад хариулахдаа, нүүрсний экпортын 55 орчим хувийг Гашуунсухайт боомтоор, 40 гаруй хувийг Шивээ хүрэн боомтоор гаргаж байгаа. Сүүлийн жилүүдэд Булган, Ханги боомтоор нүүрсний экспортуудыг хийж эхлээд байгааг дуулгав. Гашуунсухайт боомтын чингэлэг тээврийн терминал, Шивээ хүрэн боомтын ирэх сарын 10-15-ны өдрүүдэд ашиглалтад орох чингэлэг тээврийн терминал тус бүрдээ нэмэлтээр 10 сая тонн нүүрсийг экспортлох боломжтой гэж үзэж байгаа учир цар тахлын нөхцөл байдал үргэлжилсэн ч гүйцэтгэлдээ хүрэх бололцоотой гэж тооцсон гэв. Нүүрсний экспортоос 2022 онд нийт татвар хураамж 1.6 их наяд төгрөг хуримтлуулна гэж төлөвлөөд байгаа аж. Эрдэс баялгийн салбараас 4.3 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн орлогын 26 хувийг бүрдүүлэхээр тооцжээ.


Ингээд Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүд хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.

Related news