Бага сургуулийн өргөтгөлийг 85 хувийн гүйцэтгэлтэй барьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2021-11-10 16:52:21

Хэнтий /МОНЦАМЭ/ Баян-Адарга сумын ЕБС-д улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1,5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 200 хүүхдийн хүчин чадалтай бага сургуулийн өргөтгөлийн барилга барьж байна.

Барилгын зураг төсвийг “Хатанбаатар” ХХК хийсэн бөгөөд гүйцэтгэгчээр “Солармед Монгол” ХХК ажиллаж байна. Уг барилгыг энэ оны 12 дугаар сард улсын комисст хүлээлгэж өгөх бөгөөд өнөөдрийн байдлаар  85 хувийн гүйцэтгэлтэй байгаа талаар сургуулийн захирал Б.Анхбаяр ярилаа.

Баян-Адарга сумын сургууль нь 2021-2022 оны хичээлийн жилд 42 багш ажилтан, 19 бүлгийн 425 сурагчтайгаар сургалт хүмүүжлийн ажлаа явуулж байна. Уг сургуулийн хичээлийн байр нь 240 хүүхдийн суудалтай гэж анх баригдсан боловч нэг корпус нь дутуу баригдсан байдгаас шалтгаалан анги танхимын дутагдал үүсч гурван ээлжээр хичээллэх нөхцөл байдал тулгарсан байна. Иймээс хүүхдийн тоо өсч, хамран сургалт нэмэгдсэн тул өргөтгөл барилга бариулах зайлшгүй шаардлага үүсчээ.

Уг өргөтгөлийн барилга нь 9 анги танхим, үдийн цайны гал тогоо, хооллох заал, бага ангийн сурагчдад зориулсан урлаг заалтайгаар барьж байна.

Related news