2022 оноос түүхэн аялал жуулчлалын бүтээн байгуулалтын ажил эхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2021-11-24 21:50:47
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Дадал сумын аялал жуулчлалын зөвлөгөөн энэ удаа “Түүхэн аялал жуулчлалын хөгжилд Дадал сумын гүйцэтгэх үүрэг” нэрийн дор болж өнгөрлөө.
Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Дадал сумын ЗДТГ, Хэнтий аймгийн ЗДТГ, Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийн нэгжээс зохион байгуулсан тус зөвлөгөөнөөр Түүхэн аялал жуулчлалын бүс нутаг-Төрөөс баримтлах бодлого арга хэмжээ, Түүхэн аялал жуулчлалын хөгжилд Дадал сумын гүйцэтгэх үүрэг, Зочлох үйлчилгээний стандарт, Аялал жуулчлал, бизнес хөгжил, ажлын байр, Аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээ зэрэг 5 багц сэдвийн хүрээнд сургалт, илтгэлүүд боллоо.
Зөвлөгөөнд УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн зөвлөх Ш.Шижир-Эрдэнэ, Дадал сумын Засаг дарга Д.Мөнх-Од, БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн З.Оюуншүр, Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийн зохицуулагч П.Түвшинжаргал, Хэнтий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Б.Дархантөр, “Мөнхийн харилцаа” ТББ-ын тэргүүн Э.Цэрэнбат болон төр хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөл, зөвлөх үйлчилгээний компаниуд, сургагч багш нар, Дадал сумын иргэд оролцов.
Зөвлөгөөн хоёр өдөр үргэлжилсэн бөгөөд Дадал сумын хөгжилд оролцогчдоос гаргасан санал, зөвлөмжийг танилцуулах, Хэлэлцүүлгийн зөвлөмж, Дадал сумын аялал жуулчлалын төлөвлөлт, 2022 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг зөвлөгөөний төгсгөлд танилцуулсан байна.
Зөвлөгөөний нээлтийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Идэрбат аялал жуулчлалын талаар төрөөс баримталж буй бодлого, УИХ-ын гишүүдийн хийж хэрэгжүүлж буй ажил, 2022 оны төсөв, Хэнтий аймгийн аялал жуулчлалын бодлогын талаар танилцуулж, аялал жуулчлалын үйлчилгээний орлого нэмэгдүүлэхэд анхаарах нь тус зөвлөгөөний зорилго байх учиртайг онцлов.
Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийн зохицуулагч П.Түвшинжаргал: “Дадал сумыг үндэсний хэмжээнд, Дэлхийн хэмжээнд таниулах ажлыг google map-д холбох “Эн Эй Пи групп”-ийн төлөөлөл энд хүрэлцэн ирсэн байна. Чингис хааны Дэлхийд байгуулсан суу гавьяаг таниулахад сумын иргэдийн оролцоо чухал юм. Зочлох үйлчилгээ, үйлчилгээний стандарт гэх мэт ОУ-ын стандарт нэвтрүүлэх сургалт, семинарыг зохион байгуулж байна. Төслийн нэгж бүтээн байгуулалтын ажлын судалгааны ажлыг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хийж, бэлтгэл ажлаа хангалаа. 2022 оноос түүхэн аялал жуулчлалын бүтээн байгуулалтын ажил эхэлнэ” гэв.
Related news