Нэр цэвэр тамирчдыг Олимпод оролцуулахыг уриаллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
dorjkhand@montsame.mn
2016-07-21 09:54:07

МОСКВА. /АР/. Сэргээшийн хөтөлбөртэй холбоотой дуулиан дэгдсэн хэдий ч ОХУ баг тамирчдаа Бразилын Рио-де-Жанейро хотод болох Олимпын наадамд оролцуулахаар шийдвэрлэжээ. Сэргээшийн асуудалд холбогдоогүй нэр цэвэр тамирчдыг Олимпод оролцохыг зөвшөөрөх хэрэгтэй гэж Оросын албаны хүмүүс мэдэгдсэн байна.

Оросын тамирчид төрөөс санхүүжүүлсэн сэргээшийн хөтөлбөрт хамрагдсан гэсэн үндэслэлээр Оросын хөнгөн атлетикийн тамирчдыг “Рио-2016” Олимпын наадамд оролцохыг Олон улсын хөнгөн атлетикийн холбоо хориглосон билээ.

Үүнтэй холбоотойгоор Оросын Олимпын хороо /ООХ/ энэ сарын эхээр Спортын арбитрын шүүхэд зарга мэдүүлсэн юм. Тус шүүх өнөөдөр шийдвэр гаргана.

Оросын тамирчдыг “Рио-2016”-д оролцохыг зөвшөөрөх эсэхийг авч хэлэлцэж буй Олон улсын Олимпын хороонд /ОУОХ/ Спортын арбитрын шүүхийн шийдвэр нөлөөлж магадгүй байна.

ООХ-ны удирдлага 387 тамирчныг Риогийн Олимпод илгээхээр шийдвэрлэжээ. Баг тамирчдын бүрэлдэхүүнд хөнгөн атлетикчид ч багтжээ.

Тус хорооны тэргүүн Александр Жуков өчигдөр хэвлэл мэдээллийнхэнд хэлэхдээ “гадаадын сэргээшийн эсрэг агентлаг Оросын тамирчдыг зургаан сарын хугацаанд хянасан. Тамирчид сэргээш огт хэрэглээгүй” гэсэн байна.

Мөн тэрбээр хэлэхдээ “ОУОХ нэр цэвэр тамирчдын эрхийг хамгаалах ёстой” гэжээ.

Г.Доржханд

 

 

Related news