Жилийн дотор 8 мэргэжлээр 160 гаруй мэргэжилтэй ажилчин бэлтгэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-05-09 19:02:23

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Мэргэжилтэй ажилтны үнэ цэн өсөх цаг айсуй. Ингэхийн тулд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 76 МСҮТ-өөр дамжуулан энэхүү үйл ажиллагааг нэгэн өдөр, нэгэн зорилго дор сурталчиллаа.

Сэлэнгэ аймгийн Шаамар сум дахь МСҮТ-д өнгөрсөн баасан гарагт болсон “Нээлттэй өдөрлөг” мэргэжилтэй ажилтан бэлтгэх, суралцагчдын элсэлтийг нэмэгдүүлэхэд гол зорилгоо  чиглүүлжээ. Тухайлбал Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, Политехник коллежийн сургалтын орчин, дадлагын газар, чадамжийн төвийг иргэдэд сурталчлах. Туршлагаа түгээн дэлгэрүүлэх, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, бүтээлийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулах. Цаашлаад нийгмийн түншлэл, ажил олгогчийн хамтын ажиллагааг өргөжүүлэн ажлын байранд зуучлах гээд маш өргөн мэдээллийг иргэдэд хүргэлээ. Нэгэн жарны түүхтэй Шаамар сум дахь МСҮТ нь 2021-2022 оны хичээлийн жилд малын асаргаа, зөгийчин, зөгийн аж ахуй эрхлэгч, цэцэрлэгт хүрээлэнгийн цэцэрлэгжүүлэгч, нягтлан бодох бүртгэлийн ажилтан, үсчин, гоо сайханч, тогооч, авто машины засварчин, М ангиллын жолооч зэрэг найман мэргэжлийн ангид 160 орчим насанд хүрэгчдийг мэргэжилтэй болгон сургажээ. Эдгээр иргэд нэг жилийн хугацаанд дээрх мэргэжлийг эзэмшин, хөдөлмөрийн зах зээлд бэлтгэгдэн гарч байгаа аж.    

Аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж: “Нээлттэй өдөрлөг”-т оролцох үеэрээ багш нарын төлөөлөлтэй уулзаж, сургалтын орчин, үйл ажиллагааны талаар ярилцаж санал солилцлоо. МСҮТ-д хичээж суралцсан хүн бүр ажлын талбар дээр гараад цаашид өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх. Улмаар аймаг орон нутгийнхаа хөгжил дэвшилд бодит хувь нэмрээ оруулах бүрэн боломжтой гэдгийг онцолсон юм. Мөн аймгийн Засаг дарга тус сургуулийн авто машин, машин механизмын засварын ангид нэн шаардлагатай байгаа жолооны сургалтын авто машиныг шинэчилж өгөхөө илэрхийллээ.

Нээлттэй өдөрлөгийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж болон аймгийн ХХҮГ, Шаамар сумын ЗДТГ, ЕБС-ийн төлөөлөл, төгсөх ангийн сурагчид, Дэлхийн зөн ОУБ, “Болд төмөр Ерөө гол” ХХК, “Гацуурт” ХХК-ийн төлөөллүүд, ажил олгогч Зөгийчдийн холбоо, Тогоочдын холбоо, Үсчин гоо засалчдын холбоо зэрэг төр, олон нийтийн байгууллага, аж ахуйн нэгжийн түншлэлүүд оролцлоо. Мөн тус сургуулийн багш, сурагчдын хамтарсан бүтээлийн үзэсгэлэнг гаргав.

 

Related news