СЭЛЭНГЭ: "Таблеттай багш" санаачилгад нэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-05-28 11:23:09

Сүхбаатар, 2025 оны тавдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймагт “Таблеттай багш” санаачилгыг хэрэгжүүлэх сургалтын үйл ажиллагаа эхэллээ.

 

Сэлэнгэ аймгийн 17 сум, 6 тосгоны алслагдсан хөдөөгийн баг, малчин өрхийн амьдран суугаа 700 гаруй хүүхэд, гэр бүл “Таблеттай багш” санаачилгад нэгдлээ.

 

Тэд гэр бүлийн орчинд эцэг эх, асран хамгаалагч, хувилбарт сургалтын багшийн дэмжлэгтэй сургуулийн өмнөх хөгжил, боловсролын үйл ажиллагаанд хамрагдах юм.

 

Сургалтын нээлтэд аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Рэгзэдмаа, Боловсролын газрын дарга С.Тулга нар оролцож хувилбарт сургалтын 24 багш, мэргэжилтэнд сургалтын ухаалаг багц хэрэглэгдэхүүнийг гардуулан өглөө.

 

Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтын ажиллагааны хүрээнд 2023 оноос “Таблеттай багш” санаачилгыг хэрэгжүүлж байгаа.  

 

Өнөөдрийн байдлаар 18 аймгийн 310 сумын 433 цэцэрлэг болон хилийн анги салбар бүлгийн 10567 хүүхэд, тэдний эцэг эх, асран хамгаалагчид “Таблеттай багш” санаачилгын хүрээнд гэр бүлийн орчинд явуулын багшийн дэмжлэгтэйгээр хөгжил, боловсролын үйлчилгээнд хамрагдаад байна.

 

Боловсролын ерөнхий газраас “Таблеттай багш” санаачилгад нэгдэж буй аймгуудыг мэргэжил арга зүйн талаар чиглүүлж, орчин цагийн хүүхэд, гэр бүл, боловсролын үйлчилгээний хэрэгцээ шаардлагад нийцсэн, мэдээлэл харилцааны шинэлэг технологид суурилсан сургалтын ухаалаг багцыг боловсруулан түгээж байгаа юм.

 

“Таблеттай багш” санаачилга сургалтын ухаалаг багц гардуулах үйл ажиллагааны дараа аймаг, сум, багийн түвшинд гэр бүлд бага насны хүүхдийн хөгжил, боловсролыг дэмжих ажлыг төлөвлөн хэрэгжүүлэх аймгийн боловсролын газрын удирдлага арга зүйч мэргэжилтнүүд, нийт сумын Засаг дарга нар, тосгоны захирагч, цэцэрлэгийн багш нар сургалт, хэлэлцүүлэгт оролцлоо.


Related news