310 иргэн ажлын байрны шууд ярилцлагад оржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. “Халамжаас хөдөлмөрт” төрийн бодлогыг дэмжин Сэлэнгэ
аймгийн ЗДТГ, аймгийн ХХҮГ, Сүхбаатар сумын ЗДТГ хамтран ажил хайгч иргэдийг
бүртгэж, ажил мэргэжлийн зөвлөгөө мэдээлэл олгох, сул чөлөөтэй ажлын байранд
бүртгэн зуучлах үйлчилгээг үзүүллээ.
Энэхүү “Нээлттэй өдөрлөг”-ийн үеэр “Алтан тариа” ХХК, “Болдтөмөр Ерөө гол” ХХК, “Сэлэнгэ АЗЗА”, “Сэлэнгэ энерго”, “Цэнгэг ус” зэрэг ОНӨААТҮГ-ууд нээлттэй ажлын байрны захиалга авч, иргэдийг ажлын байранд бүртгэх, шууд ярилцлагад урих зэрэг үйл ажиллагааг явуулж, газар дээр нь ажилд зуучилжээ. Мөн энэ үйл ажиллагаанд Сэлэнгэ аймгийн иргэдээс гадна зэргэлдээх Дархан-Уул, Эрдэнэт, Улаанбаатар зэрэг газраас иргэд өөрийн биеэр хүрэлцэн ирж анкет бөглөн хүсэлтээ илгээжээ. Энэ үеэр иргэдийн хувьд “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн нээлттэй ажлын байранд илүү их бүртгүүлсэн байна. “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн нээлттэй ажлын байрны захиалгад хүнд даацын машин механизмын операторууд, гагнуурчин, засварчин, цахилгаан өрмийн оператори, цахилгаанчин, үйлдвэрийн машинч, нийтийн хоолны технологич, тогооч, үйлчлэгч, барилгын туслах зэрэг 20 гаруй нарийн мэргэжлийн төрлүүдэд бүртгэж, ярилцлагад урьсан аж.
Мөн Сэлэнгэ, Шаамар МСҮТ-үүд үйл ажиллагаагаа олон нийтэд танилцуулж үйлчилснээс гадна иргэд, аж ахуйн нэгжийн үйлдвэрлэсэн багаж тоног төхөөрөмж, зарим бараа бүтээгдэхүүн, жимс, жимсгэнэ, мод бут, нарийн ногооны үр, үрсэлгээнүүдээр үзэсгэлэн гаргаж иргэдэд үйлчилжээ. Эл үйл ажиллагаанд 800 гаруй иргэн оролцож, 310 иргэн ажлын байрны шууд ярилцлагад орсон байна.
Тухайлбал Шаамар сум дахь МСҮТ-ийн “Зөгийчин,
зөгийн аж ахуй эрхлэгч” ангиас зөгийн бал, лав, зөгийн лаваар гаргаж авсан эко
саван, мөн зөгийн лаваар хийсэн лаагаа худалдан сурталчиллаа. Түүнчлэн “Үсчин”
мэргэжлийн ангиас иргэдэд үйлчилж үсний бүтэц оношлох, зөвлөгөө өгөх, мөн “Автомашины
засварчин” мэргэжлийн анги иргэдийн автомашин оношлох, “Тогооч” мэргэжлийн
ангийн суралцагчид амтат төрөл бүрийн зууш, тахианы амталсан мөч, шинэхэн
чацарганы шүүс бэлтгэх. Мөн “Цэцэрлэгт хүрээлэнгийн цэцэрлэгч” мэргэжлийн анги монгол помидорын үрсэлгээ, олон төрлийн ургамлын суулгац борлуулах зэргээр үйл
ажиллагаагаа иргэд олон нийтэд танилцууллаа. Үүний зэрэгцээ хувиараа хөдөлмөр
эрхлэгч иргэдийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохион байгуулсан
байна.
Д.Эрдэнэчимэг: Зөгий маш их өгөөжтэй, ач
тустай амьтан, хаях юм ер байдаггүй
-Шаамар сумын 1-р багийн иргэн Д.Эрдэнэчимэг гэгч энэ хөдөлмөрч бүсгүй 1980
онд 8-р ангиа төгсөөд МХЗЭ-ийн илгээлтээр зөгийчин болжээ. Тэр цагаас хойш
эдүгээ 43 дахь жилдээ зөгий үржүүлэн, ашиг шимийг нь хүртэж буйгаа хуучилсан
юм. Тэрээр “Халамжаас хөдөлмөрт-2022” нээлттэй өдөрлөгт өөрийн хийсэн зөгийн
бүтээгдэхүүнээрээ оролцож байв. Түүний өмнөх лангуун дээр зөгийн лаваар хийсэн
төрөл бүрийн лаа, бэлэг дурсгалын зүйлс, зөгийн бал, цэцгийн тоос, жили гээд
зөгийнөөс авч болох бүхий л бүтээгдэхүүн харагдана. Зөгийн лавыг эмчилгээний журмаар
ходоодоо цэвэрлэх зорилгоор хүмүүс зажлаад л хаячихдаг. Гэтэл Эрдэнчимэг
түүнийг хаялгүй хураан авч буцалгаж хайлуулаад, хэвэнд оруулан төрөл бүрийн эко
лаа үйлдвэрлэдэг байна. Зөгийн лаваар хийсэн лаа үнэр, тортог гарахгүй, удаан 8
цаг асдаг, ямар нэгэн үлдэгдэл тос үлдэж, урсаж гоождоггүй гэдгээрээ онцлог чанартай
аж. Тэрээр лаваар лаа хийхээс гадна төрөл бүрийн бэлэг дурсгалын зүйлс, бурхан
хийдэг байна. Мөн зөгийн тоосонцрыг уураг болгон хэрэглэдэг байна.
Зөгийн аж ахуй эрхлээд амьдрал маань юугаар ч дутаагүй өөдрөг сайхан байгаа гэж энэ бүсгүй ярьж байв. Өмнө нь 300 гаруй бүл зөгийтэй байсан бөгөөд сүүлдээ 150 гаруй бүл зөгийтэй болжээ. Зөгийгөөсөө хурааж авсан бүтээгдэхүүнээ дор нь борлуулчихдаг гэлээ. Хот руу оюутан хүүхдүүд нь авч яваад зарахаас гадна байнгын авдаг үйлчлүүлэгчтэй болжээ. Цэвэр органик байгалийн эко бүтээгдэхүүн учраас хүмүүс авах эрэлт их байдаг байна. Хил хаасантай холбогдуулан шилний олдоц муу байгаа гэнэ. Иймээс балаа савлах шилээ дахин ашигласан бүтээгдэхүүн хэрэглэж, харин шилний тагаа шинээр авч байгаа гэв. Гар хөдөлвөл ам хөдөлнө. Хүн ер нь хөдөлмөрлөж, гар хөдөлж л байвал амьдрал сайхан гэж өгүүлсэн.
Зөгийчин бүсгүй өөрийн хөдөлмөрийн
үр шимээрээ гурван хүүхдээ хэлний боловсрол эзэмшүүлж, их дээд сургуулийн
боловсролтой болгосон байна. Том охиноо ОХУ-д, дунд хүүгээ Улаанбаатарт, бага
хүүгээ герман хэлний багш болгосон байна. Миний хөдөлмөрийн бахархал бол зөгийн
ач буянаар хүүхдүүддээ оюуны хөрөнгө оруулалт хийсэн явдал хэмээн хэллээ. Тэрээр
3 оюутныг зэрэг суралцуулж, жилдээ 15 сая төгрөгийн сургалтын төлбөр төлдөг
байжээ. Мөн тэрээр зөгийнд хаях юм
ерөөсөө байдаггүй, үхсэн зөгийг ч хаядаггүй. Хүмүүс хандлаад ууж байна. Мөн зөгийгөө
амьдаар нь аваад хатгах эмчилгээнд хэрэглэж байна гэж ярилаа.
Зөгийн лавыг гоо сайхны бүтээгдэхүүнүүдэд өргөнөөр ашигладаг бөгөөд арьсыг сайтар чийгшүүлж, уян хатан байдлыг хангахад тусалдаг байна. Мөн зөгийн лавд витамин А агуулагддаг бөгөөд хүнийг тайвшруулах, стресс тайлах үйлчилгээтэй тул зөгийн лаваар лаа хийж алжаал тайлахад хэрэглэдэг байна.
Зөгий зөв зургаан талт сархиагаа барихын тулд лавын булчирхайнаасаа ялгаруулдаг бодисыг зөгийн лав гэдэг байна. Зөгийн лав нь толинцор бүхий ширхэглэгээр ялгарч гардаг. Зөгийн нэг бүл жилдээ 0.5-2 кг лав ялгаруулдаг гэнэ. Зөгийн лав нь он удаан жил биологийн шинж чанараа хадгалж чаддаг онцлогтой ажээ.






