Д.Тунгалаг: Хүнсний салбарын тогтолцоог шинэчлэх шаардлагатай

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-05-27 15:38:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч энэ сарын 20-нд өргөн мэдүүлсэн “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг УИХ-ын өчигдөрийн хуралдаанд оролцсон гишүүдийн 69,6 хувь нь дэмжсэнээр төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлээд байгаа. Энэ хүрээнд хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Тунгалагтай ярилцсан юм.


-“Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг УИХ-аар баталснаар ямар үр дүн, эерэг нөлөө гарах вэ?

-Монгол улсын Ерөнхийлөгч энэ асуудлыг өргөн хүрээнд авч үзээд хүнсний хангамж, аюулгүй байдал нь үндэсний хэмжээний хөдөлгөөн болгон өрнүүлснээр илүү үр дүнд хүрнэ гэж үзсэн. Тиймээс ард түмний дунд хөдөлгөөнийг эхлүүлэх, нээлттэй хэлбэрээр иргэдийг уриалах үүднээс боловсруулах үйлдвэрийн зөвлөгөөнийг ирэх сарын эхээр  зохион байгуулах гэж байна. Манай салбар манлайлж оролцоно. Үүний өмнө, өнгөрсөн 4 дүгээр сард газар тариалан үйлдвэрлэгчдийн зөвлөгөөнийг хийсэн. Мал аж ахуй газар тариалангийн салбар хамгийн чухал, суурь багана учир хамгийн эхэнд зөвлөгөөнөө зохион байгуулсан байгаа.


-Манай улс ард иргэдийнхээ хүнсний бүтээгдэхүүний хэдэн хувийг дотоодоосоо бүрэн хангаж байна вэ?

-Монгол улс нийт хүнснийхээ 50 хувийг дотоодоосоо хангаж байна. Айл өрхийн ширээн дээр байгаа бүтээгдэхүүнийг аваад үзвэл 50 хувь нь дотоодынх байгаа. Би гэхэд аль болох эх оронч худалдан авалт хийдэг учир манай гэрийн ширээний 80 хувь нь дотоодын бүтээгдэхүүн байх жишээтэй. Манай улсын мах, гурилаас гадна хүнсний ногооны хувьд төмсөөр дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангадаг. Бусад бүтээгдэхүүний хувьд имдпортын хамаарлын хувь их бий. Тухайлбал, цагаан будаа, элсэн чихрээ 100 хувь импортоор авч байна. Хүнсний ногооны бүдүүн ногоо буюу байцаа, улаан лууван, шар манжингийн хэрэгцээнийхээ 50-60 хувийг өөрсдөө бүрдүүлдэг. Өндөгний хэрэглээний 50 хувийг нь дотоодоос хангаж байна. Манай орон цаг агаарын эрс тэс уур амьсгалтай, өвөл зуны агаарын хэмийн хэлбэлзэл их, тариалалтын хугацаа богино зэргээс шалтгаалаад бидэнд маш их сорилт бэрхшээл тулгардаг. Эдгээр нь нарийн ногоо тариалах боломжийг хумьдаг учир хангамж ч нэлээн муу байдаг. Дээр нь дэлхий нийтийг хамарсан цар тахал, олон улсын нөхцөл байдал гэх мэт хүчин зүйлс нь улс орны хүнсний хангамжид шууд нөлөөлөх хүчин зүйл болчихлоо шүү дээ. Хэрэглээний гол нэрийн бүтээгдэхүүний сагсад хүнсний бүтээгдэхүүн нэлээн их хувийг эзэлдэг тул инфляцид нөлөөлдөг. 


-Хүнсний хангамжаа сайжруулахад төраас ямар бодлого хэрэгжүүлж байна вэ?

-Аливаа улсын тусгаар тогтнолын чухал бүрэлдэхүүн хэсэг нь хүнсний хангамж юм. Хүнсний хангамжийг физик хэмжээгээр ойлгох нь өрөөсгөл учир баталгаат байдлын хүрээнд хүнсний хангамж, аюулгүй байдал, хүртээмж, худалдан авах чадвар, орлогын түвшин гээд өргөн хүрээг хамардаг. Сүүлийн үед хүнсний систем байгаль орчны бохирдолд нөлөөлж байна уу, байгаль орчны өөрчлөлттэй уялдан зохицох боломж бий юу гээд байгаль орчны асуудал нэмэгдэх болсон. Хүнсний аюулгүй байдал, хоол тэжээл, хүртээмж, ногоон хөгжил, тогтвортой хөгжлийн чиг баримжаа зэрэг нь төрийн бүх байгууллага уялдаа холбоотой ажиллаж байж үр дүнд хүрэх цогц ажил юм. Дотоодын үйлдвэр, олон улсын нөхцөл байдлаас хамаараад бүтээгдэхүүний хангамж, тээвэр зэргээс үнэ өсөж байна. Энэ бүхэн хоорондоо бүгд уялдаатай.


ХХААХҮЯ хүнсний хангамжийн чиглэлээр олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг. Тухайлбал, хүнс, хөдөө аж ахуйн салбарыг дэмжих 10 их наяд төгрөгийн зээлийг хэрэгжүүлж байна. Мөн гол нэрийн бүтээгдэхүүнийг үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх тухай хуулийг батлууллаа. Энэ хуулийн хүрээнд 230 тэрбум төгрөгийг гурил үйлдвэрлэгч, махны нөөц бүрдүүлэх аж ахуйн нэгжүүдэд хуваарилахаар Засгийн газрын тогтоол гаргах гэж байгаа. Ингэхдээ арилжааны банкны эх үүсвэрээр 3 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээлийг бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээр, банкны шаардлага хангасан аж ахуйн нэгжүүдэд олгох юм. Түүнчлэн, Засгийн газраас боловсруулах үйлдвэрүүдийн эргэлтийн хөрөнгийн чадавхыг сайжруулахаар 2 жилийн хугацаатай, 3 хувийн хүүтэй эргэлтийн хөрөнгийн зээлийг арилжааны банкны эх үүсвэрээр олгохор шийдчихээд байгаа. Одоогоор зарим зүйлийг тодотгох шаардлагатай тул хүлээгдэж байгаа.

Түүнээс гадна бидэнд хэрэглэгч талыг дэмжсэн бодлого үгүйлэгдэж байна. Иргэд эх оронч худалдан авалт хиймээр байгаа юм. Хүнсний бүтээгдэхүүн сонгохдоо ядаж эх оронч байхыг хүсэж байна даа.



-Дотоодын бүтээгдэхүүнээ худалдаж авдаг хүмүүс байна. Ихэнх нь импортын бүтээгдэхүүнд илүү итгэл үнэмшилтэй хандан сонгож аваад байх шиг. Хүмүүс яагаад эх оронч худалдан авалт хийхгүй байна вэ?

-Энэ нь олон янзын шалтгаантай л даа. Хувь хүний сонголт шүү дээ. Монгол Улсын хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулиар хүнсний аюулгүй байдлын хяналтыг МХЕГ, хөндлөнгийн баталгаажуулалт хийгээд тохирлын үнэлгээтэй бүтээгдэхүүн нийлүүлэхийг Стандарт хэмжил зүйн газар хариуцдаг. ХХААХҮЯ бодлого хариуцдаг ч өнөөдөр хэрэгжилтэд анхаарч байна. Эдгээр байгууллага нийлж хамтарч гэмээнэ амжилтад хүрнэ. Ард иргэдээ эрүүл амьдруулж урт наслуулъя гэвэл  хүнсний тогтолцоогоо шинэчилж сайжруулах шаардлагатай.

Хүнсний салбар сүүлийн 20-30 жилд харьцангуй сайжирч, тодорхой үр дүнд хүрч байгаа. Нийт хүнсний хэрэглээний 50 хувийг дотоодоосоо хангаж байгаа нь амжилт юм. Социализмын үед босоо тогтолцоотой байсан хүнсний салбар өнөөдөр хэвтээ тогтолцоотой байна. Орон нутагт Хөдөө аж ахуйн газар нь тухайн аймгийнхаа ЗДТГ-ын харьяа болчихдог. Зүй нь бол ХХААГ нь бидэнтэй өдөр тутмын үйл ажиллагаагаа уялдуулан хамтран ажиллах ёстой байтал аймгийнхаа Засаг даргад ажлаа тайлагнадаг. ХХААХҮЯ-ны хүнсний хангамж, аюулгүй байдлын бодлого зохицуулалт хэвтээ тогтолцоогоор явуулдаг. Мал эмнэлэг харин шинэ хуулиараа босоо тогтолцоонд шилжээд байгаа. Цаг хугацаа өнгөрөх тусам ахиц дэвшил гарч сайжрах байх. Хяналтын тогтолцоо нь сүлжээний хэмжээнд байх ёстой. Бэлэн бүтээгдэхүүн хянахаас илүү тогтолцооны хяналтыг сүлжээгээр нь авч явдаг байх хэрэгтэй.


-Хүнсний бүтээгдэхүүнийхээ 50 хувийг импортоор хангаж байгаа нь хүнсний аюулгүй байдалтай холбогдоод ирнэ. Бидний хэрэглэж байгаа импортын хүнсний бүтээгдэхүүн хэр баталгаатай, найдвартай байна вэ?

-Дэлхийн улс орон бүрд хүнсний аюулгүй байдал яригддаг. Манай улсын хувьд Хүнсний тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийг 2012 онд баталсан нь Монгол Улсын хүнсний аюулгүй байдлын тогтолцоо болон ХХААХҮ-ийн салбарт эргэлт гаргасан хуулийн шинэчлэл болсон. Энэ хуульд та зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлээд ашиг олж байгаа бол бүтээгдэхүүнийхээ чанар, аюулгүй байдлыг хуулийн өмнө өөрөө хариуцна гэсэн. Өмнө нь төр хариуцдаг байсан. Шинэ хуулиар өөрсдөө хариуцлага хүлээдэг болсноор давуу талтай. Хуульд гадаадаас оруулж ирэх хүнсийг зөвхөн Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж байгууллага импортолно гэж заасан. Иймээс сүүлийн үед импортын хүнсний аюулгүй байдал дээрдсэн байгаа. Ихэнх бүтээгдэхүүний борлуулалт сүлжээ супермаркетаар дамждаг. Сүлжээний тээвэр, удирдлага, зохион байгуулалт сайн байдаг учир нэг стандарт үйлчилж байна гэсэн үг. Хүнсийг хувь хүн импортлохоо больсон нь дэвшил юм.

Мөн хадгалах хугацааны 3-ны 2 нь дуусахаас өмнө Монгол Улсын нутаг дэвсгэрт гаалийн бүрдүүлэлт хийлгэн оруулж ирсэн байх шаардлага тавьж байгаа нь хугацаа хэтэрсэн бүтээгдэхүүн хэрэглүүлэхээс зайлсхийж, монгол хүн аль болох аюулгүй хүнс хэрэглэх эрхийг нээж өгсөн гэсэн үг.


-Эрүүл, аюулгүй хүнс сонгоход юуг анхаарах нь чухал вэ?

Эрүүл, аюулгүй хүнс хэрэглэхэд иргэдийн өөрсдийнх нь хариуцлага, сонголт чухал үүрэгтэйг хэлье. Эрүүл, аюулгүй хүнс хэрэглэнэ гэдэгт хүнсээ хадгалах сав суулга, баглаа боодол хүртэл хамаатай. Наад зах нь ахуйн хэрэглээндээ ямар сав суулга хэрэглэхээс эхлээд танин мэдэхүйн мэдлэгтэй байя. Тухайлбал, манай хөдөө орон нутаг, гэр хороололд зөөврөөр ус хэрэглэдэг айл өрхүүд уул уурхай, үйлдвэрлэлд ашигладаг химийн бодисын шар, цэнхэр хуванцар савыг их хэрэглэдэг нь аюул дагуулж байна. Гадаад орнуудад эдгээр савыг үйлдвэрт бүтээгдэхүүнээ нийлүүлсний дараа тоо ёсоор нь буцаагаад татдаг байхад манайд ус, сүү тараг, айраг зэргийг савлан замбараагүй хэрэглэж байна. Учир нь тухайн савны хор нь шингэн бүтээгдэхүүн рүү байнга нэвчиж байдаг. Энэ нь яваандаа хорт хавдраар өвчлөх эрсдэлийг үүсгэж байгаа юм. Иймд бид уух ус, сүү тараг, айргаа савладаг хортой савыг нэн түрүүнд халах зайлшгүй шаардлагатай. Хөдөө орон нутгаас эдгээр саванд савлаад ирсэн шингэн сүү тараг, айргийг бид хэрэглэж байгаа нь мөн л хордож байгаа хэрэг. Иймд бүх нийтээрээ цэнхэр, шар өнгийн хуванцар савнаас татгалзах л хамгийн чухал байна даа.


Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс хийсэн судалгаагаар хуванцар саванд хадгалсан усан дахь хар тугалга ДЭМБ-ын зөвлөмж хэмжээ болон Монгол Улсад мөрдөж буй стандартад заасан зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 60-800, формальдегид 1800-6900 дахин их байгааг тогтоожээ. Хар тугалга нь хорт хавдрын эсийг идэвхжүүлж, оюун ухааны чадамжийг бууруулан, хоолны дуршил муутгаж, хоол боловсруулах эрхтэн системийн эмгэг үүсгэн, хүүхдийн өсөлт, хөгжлийг сааруулах аюултай. Формальдегид нь II зэргийн аюултайд тооцогдох хоруу чанартай бөгөөд гоо сайхан, хумс бэхжүүлэх, ариутгал, цэвэрлэгээний бодисын бүрэлдэхүүнд ордог, арьс салст, амьсгалын замыг цочроох, тууралт гаргах эрсдэлтэй. Хүнсний зориулалтын бус хуванцар саванд хонуулсан усны найрлагад төмөр 2, нитрит 11, аммиак 48 дахин их агуулагддаг байна. Хуванцар саванд хонуулсан сүүнд хар тугалгын агууламж стандартад зааснаас 3-4, айрагт 4,4 дахин их байдаг. Худалдааны захуудад худалдаалж буй хуванцар савны 44,9 хувь нь хуучин сав байгааг Эрүүл мэндийн яам мэдээлжээ.



Related news