Гэрээг зургаан сараар сунгаж, нөхөн сэргээлт хийлгэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-06-15 14:11:57

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд шинээр ашигт малтмал олборлох зөвшөөрөл олгохгүй байх шийдвэрийг Засаг дарга Б.Азжаргал гаргаж, сумдын Засаг дарга нарт үүрэг болгосон. Мөн сумдын засаг дарга нарыг гэрээ, хэлэлцээрт оролцохгүй байхыг даалгасан. Харин иргэдээс ирсэн хүсэлтийн дагуу аймгийн Засаг дарга Б.Азжаргал өнгөрсөн долоо хоногт Шарын гол суманд Монгол Улсын Засгийн газрын 151 дүгээр тогтоолын дагуу ажиллаж буй Бичил уурхайн нөхөрлөлийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, урд өмнөх жилүүдэд хийсэн ажил, нөхөн сэргээлтийг харсан юм.

Өмнө нь ашиглаад эвдэрч, сүйдсэн талбайг дахин ашиглаж түүний дараагаар нөхөн сэргээлт хийж буй бичил уурхайн арван нөхөрлөл байдаг аж. Дээрх арван нөхөрлөл нь Шарын гол сумын Санжинт багийн Цагаан хөтөл, Хавчуу, Бурхант хэсэгт техникийн нөхөн сэргээлт хийж байна. Эдгээр нөхөрлөлүүд энэ жилийн нөхөн сэргээлтийн ажлаа эхлүүлэх зөвшөөрлөө сунгах үүднээс ийнхүү аймгийн Засаг даргад хандсан аж. Өмнөх жилүүдэд хийсэн нөхөн сэргээлтийн ажлууд хангалттай гэж дүгнэгдсэн учраас шаардлага хангасан бичил уурхайн нөхөрлөлүүдийн гэрээг зургаан сарын хугацаатай сунгах эрхийг аймгийн Засаг дарга Шарын гол сумын Засаг дарга Б.Лхамсүрэнд өглөө. Нөхөн сэргээлтийн төлөвлөгөөний дагуу 2023 онд бүрэн дуусгавар болгож хүлээлгэж өгөх ёстой аж.

Ингэснээр дээрх нөхөрлөлүүд гэрээнд заасан талбайн эвдэрч сүйдсэн газарт дахин олборлолт хийж дууссан тохиолдолд техникийн нөхөн сэргээлтийг зургаан сарын хугацаанд багтаан хийх аж. Харин нэмж шинэ газар хөндөхгүй байхыг хатуу анхаарууллаа. Шаардлага хангасан бичил уурхайн нөхөрлөлүүдийн үйл ажиллагаанд Орон нутгийн нөхөн сэргээлт хүлээж авах ажлын баг болон мэргэжлийн байгууллагууд хяналт тавин ажиллах юм байна.

Уг нөхөрлөлүүд ажиллаж эхэлснээр ажлын байр нэмэгдэх, өрхийн амжиргаа дээшилж, ХХОАТ төлөх, олборлосон алтаа Монгол банканд тушаадаг зэрэг олон давуу талтайг бичил уурхай эрхлэгчид онцолж байлаа.

Ташрамд, Дархан-Уул аймгийн хэмжээнд нийт өнгөрсөн хугацаанд 148.1 га газрыг тусгай хэрэгцээнд авч, төр захиргааны төв байгууллага болох ашиг малтмал газрын тосны газраас дүгнэлт гарсан дээрх талбай дээр нийт 19 нөхөрлөл 1500 гаруй иргэн ажлын байртай болж хууль заасны дагуу ажилласан. Ингэхдээ ажилчдын эрүүл мэнд, нийгмийн даатгалд 126.554.400 сая төгрөг төвлөрүүлсэн. Мөн усны төлбөрт 94.381.044 төгрөг төлжээ. 

Related news