Эрүүл мэндийн даатгалаа бүрэн төлөөгүйгээс үзлэг, оношилгоонд орж чадахгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-06-15 14:33:27

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Энэ оны тавдугаар сарын нэгнээс орон даяар 0-5 болон 18-аас дээш насны иргэдийг эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд хамруулах ажил эхэлсэн. Ингэхдээ иргэдийг төрсөн сараар нь үзлэгт хамруулах хуваарийг гарган урилга илгээж байна. Дархан-Уул аймгийн хувьд өрх, сумын ЭМТ-үүд болон ЭМГ дахь Эрүүл мэндийг дэмжих төвд иргэдийг үзлэг, шинжилгээнд хамруулж байна. ЭМДТ-д өдөрт дунджаар тавь гаруй хүнд үзлэг, шинжилгээ хийж байна. Нэгдсэн зохион байгуулалтын ажил эхэлснээс хойш сарын хугацаанд тус төвд 18-аас дээш насны 700 гаруй иргэн үйлчлүүлжээ.

Харин үзлэгт хамрагдахаар ирсэн иргэд эрүүл мэндийн даатгалаа төлөөгүйгээс буцах тохиолдол их гарч байгаа аж. Тиймээс ЭМД-аа бүрэн төлсөн байх шаардлагатайг иргэд анхаарах хэрэгтэй. Халдварт бус өвчлөлөөс урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо эхэлсэн хугацаанаас хойш бүтэн жил үргэлжлэх юм.

Үзлэг шинжилгээгээр элэгний хорт хавдрын гурав, ходоодны хорт хавдрын нэг тохиолдлыг илрүүлж, Хавдар судлалын үндсэний төв рүү шилжүүлжээ. Үзлэгт хамрагдсан 18-30 хүртэлх насны залуучдуудын 70 гаруй хувь нь эрүүл байсан бол 35-аас дээш насны иргэдийн дунд таргалалт, амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй зүрх судас, хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэг, өвчлөлүүд зонхилон тохиолдож буйг эрүүл мэндийн дэмжих төвийн эрхлэгч Э.Төрмөнх онцолж байлаа.

 

Related news