Дархан-Уул аймагт ахмадуудыг сувилах дөрвөн сувилал эрхээ авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-06-15 19:47:28

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Ахмад настны тухай хуулиар ахмадууд жилд нэг удаа хөнгөлөлттэй үнээр рашаан, сувилалд амрах эрхтэй байдаг. Жил бүр ахмадуудыг хүлээж авах амралт, сувиллын газруудад тендер зарлан сонгон шалгаруулдаг аж. Энэ жил сонгон шалгаруулалтад орж гэрээ хийсэн нийт 26 амралт, 32 сувилал байна. Үүнээс Дархан-Уул аймагт Дархан-Үйлс, Дархан-Анагаагч, Цанид, Гүнд гэсэн дөрвөн сувилал эрхээ авчээ. Ахмад настныг сувилах эрхээ авсан гурван сувилал өнгөрсөн сарын сүүлээр амрагчдаа авч эхэлсэн бол Гүнд амралт, сувиллын газар энэ долоо хоногоос эхлэн амрагчдаа хүлээн авч байна.

Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн тавдугаар зүйлд заасны дагуу Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газартай гэрээтэй ажиллаж байгаа амралт, сувиллын газар болон Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн дэргэдэх амралтын газарт хоёуланд нь амарч болохгүй ажээ. Зөвхөн аль нэгэнд нь л амрах ёстой. Нэг хүн жилд нэг л удаа амралт, сувиллын хөнгөлөлтөд хамрагдах боломжтой аж. Рашаан, сувилалд явахыг хүссэн ахмадуудын хувьд багийн тодорхойлолт, өргөдөл, иргэний үнэмлэхний хуулбар, рашаан, сувилалд шилжүүлсэн төлбөрийн баримтаа бүрдүүлэн багийнхаа халамжийн мэргэжилтэнд өгч эрхийн бичгээ авах ажээ.

 

Related news