Багш, шавийн уулзалт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-06-15 20:45:30

Дархан-Уул /МОНЦАМЭ/. 1947 онд анхны төгсөлтөө хийсэн АШУҮИС-ийн түүхт 80 жилийн ой энэ онд тохиож байна. Ойгоо угтан тус сургуулийн хамт олон багш, шавийн уулзалтыг 21 аймагт зохион байгуулж байна.

Өнөөдөр тус уулзалт Залуучууд театрын их танхимд боллоо. Өнгөрсөн 80 жилийн хугацаанд дээрх сургуулийг 54.000 мянган төгсөгч төгсөж 21 аймагт ажиллаж байна. Уулзалтын зорилго нь Монгол Улсын хөгжилд АШУҮИС-ийн гүйцэтгэсэн үүргийг олон нийтэд сурталчлан таниулах, шинжлэх ухаан, анагаах ухааны оношилгоо, эмчилгээний дэвшилтэт технологийн ололт амжилт, инновацыг түгээн дэлгэрүүлэх, төгсөгчдийн ажлын байран дахь тасралтгүй сургалтыг зохион байгуулж, багш, шавийн нандин холбоог бэхжүүлэх, орон нутгийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ зөвлөгөө үзүүлэх ажээ.

АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь Анагаах ухааны сургууль нь 1969 оноос эхлэн сувилагч, сувилахуйн арга зүйч, эх баригч, эмзүйч, эм найруулагч, лабораторийн техникч, уламжлалт анагаах ухааны сувилахуйн арга зэрэг 12 хөтөлбөрөөр мэргэжилтэн бэлтгэж байна. Өнгөрсөн 53 жилийн хугацаанд 12.000 орчим мэргэжилтэн бэлтгэжээ. Уг уулзалтад АШУҮИС-ийн захирал, АУ-ны доктор, профессор Н.Хүрэлбаатар, Монголын анагаах ухааны академийн гишүүн, Академич Н.Сүмбэрзул тэргүүтэй 12 албаны төлөөлөл оролцож уулзалтын чиглэл, зорилгыг танилцууллаа. Цаашид энэхүү уулзалтыг 3-4 жилд нэг удаа, төгсөгчдийн эргэх холбоо судалгааг жил бүр хийж тэдэнд чиглэгдсэн олон ажлыг хийхээр төлөвлөжээ. Маргааш Сэлэнгэ аймагт багш шавийн уулзалт болно.

 

Related news