ДАРХАН-УУЛ: Төмс, хүнсний ногооны хураалт 50 гаруй хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-09-15 12:01:03

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн хэмжээнд энэ жил нийт 22180.87 га-д тариалалт хийсэн. Үүнээс төмс 646.4 га, хүнсний ногоо 1525.3 га-д тус тус тариалсан байна. Ургацын урьдчилсан балансаар 7.7 мянган тонн төмс, 17.6 мянган тонн хүнсний ногоо хураан авах боломжтой гэж тооцоолжээ.


Одоогийн байдлаар төмс, хүнсний ногооны хураалт 50 гаруй хувьтай байна. Цаг агаарын хүндрэл гарахгүй бол ургацаа бүрэн хураах боломжтой аж. Ингэснээр улаанбуудай, төмс, хүнсний ногооны хэрэгцээг аймгийн хэмжээнд 100 хувь дотоодын ургацаас хангах боломжтой гэж ХХААГ-аас мэдээллээ. Төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгчдэд хамгийн гол тулгамдаж буй асуудал нь хүн хүчний дутагдал байна. Сүүлийн дөрвөн жилийн судалгаагаар намрын ургац хураалтад хүн хүч хүрэлцээ муу байснаас үүдэн төмс, хүнсний ногооны 120-250 га буюу дунджаар 1400-2100 тонн ургац хураан авч чадахгүй талбай дээр нь хөлдөөжээ.



Өнөөдрийн байдлаар аймгийн ХХААГ-т зургаан аж ахуйн нэгж, 52 иргэн 718 ажиллах хүчний захиалга ирүүлжээ. 


Ургац хураалтын тухайд төмс, хүнсний ногооны хураалтад Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн 126 түр ажилтан, их, дээд сургуулийн 303 оюутан, 12 аж ахуйн нэгж, иргэн талбайд ажиллаж байна. Тухайлбал Орхон сумын "Шинэ-Орчин" трейд ХХК-ийн ургацын талбайд орон нутгаас ажиллах хүч олдохгүй байгаа учир Өвөрхангай аймгийн Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн 40 цэрэг ирж ажиллаж байна. Харин УГТХ-ийн элит үр үйлдвэрлэлийн талбайд ХААИС-ийн 2-4 дүгээр  дамжааны 29 оюутан багшийн хамт ажиллаж байна.

Дархан-Уул аймгийн хэмжээнд нийт ургац хураалт 11 хувьтай. Ажиллах хүчний дутагдлыг эс тооцвол төмс, хүнсний ногооны хураалтын ажил хэвийн үргэлжилж байна.

Аймгийн ХХААГ-аас “Өвөлжилт хаваржилтын болон ургац хураалтын бэлтгэл хангах тухай” албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Хөдөө аж ахуйн салбарын 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангуулах ажлын төлөвлөгөөг боловсруулан хэрэгжилтийг зохион байгуулан ажиллаж байна.

Related news