ДАРХАН-УУЛ: Ургац хураалтад ажиллах хүчин хомс байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-09-29 14:59:35

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Хүнсний хувьсгалыг хийхэд ажиллах хүчин чухал гэдгийг 20 гаруй жил төмс, хүнсний ногоо тариалж буй “Шинэ орчин трейд” ХХК-ийн захирал О.Батпүрэв онцолж байлаа. Тус компани Орхон сумын нутаг дэвсгэрт лууван, манжин, төмс, сонгино, байцаа зэрэг таван төрлийн ногоо тариалжээ. Энэ жил га-аас авах ургац харьцангуй сайн бөгөөд 20 гаруй цн ургац хураан авч байна. Жил бүрийн ургац хураалтад ажиллах хүчин дутмаг байдаг бөгөөд энэ удаад Зэвсэгт хүчний дугаар ангийн 40 гаруй хугацаат цэргийн алба хаагч оролцож байна. Намрын ургац хураалтын нэг өдрийн цалин 62500 төгрөг, өдрийн гурван хоол, байрлах байр нь бэлэн аж. Гэвч орон нутгаас тогтмол ажиллах хүн байдаггүй, цалингаа голох асуудал их гардаг ажээ. Ажиллах хүчний хомсдолоос шалтгаалж ургац алдах тохиолдол ч гардаг. Тиймээс автоматжуулж, механикжуулах хүний хүч бага орох техник, тоног төхөөрөмж худалдан авах шаардлага тулгарч байна. Мөн жилийн турш зориулалтын хадгалах горимтой агуулах, зоорь нэн түрүүнд хэрэгтэй. Энэ бүгдийг өөрсдийн хөрөнгөөр заримыг нь шийдсэн ч бусад санхүүгийн эх үүсвэр зайлшгүй бий болдог. Хүч хөдөлмөрөө шингээж тарьж ургуулсан ургацаа өвөл нь хөлдөөж хавар нь ялзруулахгүйн тул хөнгөлөлттэй зээлд хамрагдахыг хүсдэг ч бүтдэггүй гэж “Шинэ орчин трейд” ХХК-ийнхан учирлаж байлаа.

Related news