СҮХБААТАР: Дарханхаан ууланд аргалийг нутагшуулснаас хойш 14 жил өнгөрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-10-03 10:54:40

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Дарханхаан уул 2012 онд байгалийн дурсгалт газрын ангилалд орж, улсын тусгай хамгаалалтад авсан байдаг. Нийт 1464 га газрыг хамарсан, сүрлэг сайхан тогтоцтой, хад агуй, нөмөр нөөлөгтэй, олон төрлийн өвс ургамал, ан амьтдаар баян хайрхан юм. Энэ ууланд 2009 онд аргалийг нутагшуулснаас хойш 14 жил өнгөрчээ. Тэд нутагтаа өсөж үржсээр өнөөдрийн байдлаар 18 болоод байна.

Сүргийн бүтцээр авч үзвэл дөрвөн угалз, хоёр хурга үлдсэн нь эм аргаль байна. Өмнө нь үржилд орохын тулд Мөнххаан сумын Нартын уул, Тэрэм зэрэг уулыг зорьдог байсан бол анхны төл эр гарч, өдгөө угалз болсноор нутагтаа үржилд орж, ийн сүрэг өсөхийн хэрээр аргаль тогтвортой нутаглах болжээ.

Цаг агаар хүндэрвэл сум орон нутгийн зүгээс өвс тэжээл, хужир шүү, ус зэргийг тогтмол тавьж өгдөг байна. Мөн ард иргэд, малчид аргаль хонио үргээж, хөөж агнахыг цээрлэдэг. Учир нь Дарханхаан уулыг эртнээс тахин шүтэж ирсэн бөгөөд аргалийг уулын эзэн хэмээн хайрлаж хамгаалдаг учир ан амьтан өсөж үржих таатай нөхцөл бүрдсэн байна.

 

Related news