ДАРХАН-УУЛ: Хүүхдийн тасгийг иж бүрэн засварлаж дуусав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-10-21 17:04:14

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Хүүхэд хамгааллын жилийн хүрээнд орон нутгийн төсвийн нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Нэгдсэн эмнэлгийн 50 ортой Хүүхдийн тасгийг иж бүрэн засварлаж өнөөдөр хүлээлгэн өглөө.

Тухайн барилгад үйл ажиллагаа явуулаад 30 гаруй жил өнгөрсөн ч нэг удаа урсгал засвар хийсэн аж. Инженерийн шугам сүлжээ, дулаан алдагдалтай уг барилгад засвар хийгээгүй удсанаас дээвэр, цонх, шал, хана зэрэг бүх зүйл нь хуучирч муудсан, хүүхэд хэвтэн эмчлүүлэхэд эрүүл ахуй, орчны шаардлага хангахааргүй болсон. Тиймээс аймгийн засаг дарга 2021 оны 12 дугаар сард нэгдсэн эмнэлэгт ажиллахдаа тус тасгийг бүрэн засварлаж өгнө гэж мэдэгдсэн. Аймгийн ИТХ-аас төсвийг нь баталж өгснөөр өнгөрсөн наймдугаар сард засварын ажлыг эхлүүлж, хүүхдийн тасгийг Дотрын тасаг руу түр шилжүүлсэн. Тэгвэл  засварын ажил бүрэн дуусч үндсэн тасагтаа үйл ажиллагаа явуулж эхэллээ. Нэмэлтээр хүүхдийн ор, ширээ сандал, бусад эд хогшлыг шинэчлэн, шаардлагатай тоног төхөөрөмжийг суурилуулж, барилгын дотор, гадна орчныг бүрэн гэрэлтүүлэгтэй болгожээ.

Хүүхдийн тасаг нь оргил ачааллын үед 80-100 гаруй хүүхдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлдэг аж. Бүрэн засвар хийснээр хүүхдүүд тохилог, дулаахан орчинд эмчилгээ, үйлчилгээ авах бүрэн боломжтой болж байна.

 

Related news