ДАРХАН-УУЛ: “Соёлын бүтээлч сар”-ын хүрээнд дөрвөн үндсэн чиглэлээр үйл ажиллагаа зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-10-31 15:37:10

Дархан-Уул /МОНЦАМЭ/. “Алсын хараа -2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг хангах зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй “Соёлын бүтээлч сар”-ын үйл ажиллагааг орон нутагт сарын хугацаанд өрнүүлнэ.


Үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх, бүх нийтийг соён гэгээрүүлэх, соёлын бүтээлч үйлдвэрлэл, соёлын аялал жуулчлалаар дамжуулан орон нутгийн тогтвортой хөгжлийг хангахад чиглэн ажиллах ажээ.

“Соёлын бүтээлч сар”-ын үйл ажиллагаа нь ирэх сарын нэгнээс тухайн сарыг дуустал үргэлжлэх аж. Энэ хүрээнд аймгийн Соёл, урлагийн газраас орон нутгийн соёл, урлагийн байгууллагуудыг удирдлага зохион байгуулалтаар хангаж дөрвөн үндсэн чиглэлээр үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөжээ. Нэгдүгээр долоо хоног: “Үндэсний нэгдмэл үнэт зүйл”,

хоёрдугаар долоо хоног: “Бүх нийтийн соёлын боловсрол”, гуравдугаар долоо хоног: “Соёлын үйлдвэрлэл”, дөрөвдүгээр долоо хоног: “Соёлын аялал жуулчлал” гэсэн чиглэлээр зохион байгуулах аж.


“Соёлын бүтээлч сар”-ын үйл ажиллагаанд аймгийн соёл, урлагийн байгууллагууд, театр, музей, номын сан, сумдын соёлын төв, соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгч аж, ахуйн нэгж байгууллага, иргэд, дугуйлан, холбоодыг өргөнөөр татан оролцуулах ажээ. Тухайлбал сумдын соёлын төвүүд соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч, ардын авьяастнуудыг сурталчлах, алдаршуулах тоглолт хийхээс гадна мэргэжлийн урлагийн байгууллагуудтай хамтран тоглолт хийнэ. Мөн орон нутгийн бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа зэрэг соёлын олон талт үйл ажиллагааг зохион байгуулна.


Аймгийн Төв номын сан, Хүүхдийн номын ордон нь “Үндэсний бичиг, хэл соёл”-ыг сурталчлах өдөрлөг, Зохиолч, яруу найрагчдын уулзалт, Номын өглөөлөг, Нийтийн уншлага зэрэг уншигчдыг дэмжсэн үйл ажиллагааг зохион байгуулна.

Залуучууд театрын тухайд аялан тоглолт хийх, орон нутгийн уран бүтээлчдийн тоглолт, уран бүтээлийг сурталчилж, хүүхдийн болон орчин үеийн тоглолт, мэргэжил сурталчлах өдөрлөг, уулзалт зэргийг зохион байгуулахаар бүтээлч сарын аянд тусгагджээ. Аймгийн музей, сумдын орон нутаг судлах танхимууд нь “Монгол бахархал” сэдвийн хүрээнд үзэсгэлэн зохион байгуулж, хүүхэд залууст соёлын өвийг таниулан музейн үйл ажиллагаа, боловсролын хөтөлбөрүүдээ сурталчлах ажээ.

Related news