Өнөөдөр Монголын 4 боксчин Амманы ринг дээр тулалдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-11-05 16:33:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Йордан улсын Амман хотод болж буй Ази тивийн аварга шалгаруулах боксын тэмцээний 4 дэх өдөр Монголын 6 боксчин тулалдаж 5 тамирчин өрсөлдөгчдөө ялсан байна.

 

Улмаар Монголын боксчид Азийн аваргын ринг дээр 10 тулаан хийснээс 7 ялалт авч 70 хувийн амжилттай тэмцээнээ үргэлжлүүлж байна.

 

Монголын баг тамирчдын энэ өдрийн тулааны талаар Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, ОУХМ, олон улсын шүүгч Ц.Нандигжавын бичсэн дүгнэлт, сэтгэгдлийг та бүхэнд хүргэж байна

 

Энэ өдөр 63,5 кг-д Б.Төгөлдөр Энэтхэгийн боксчин дэлхийн аваргын хүрэл медальт Тапа Шиватай хүчтэй өрсөлдөж 3:2 оор ялагдал хүлээв. ОУХМ Х.Энхмандах рингний эзэн Йорданы тамирчинг 5:0-ээр, О.Бямба-Эрдэнэ Узбекистаны маш хүчтэй боксчныг 3:2-оор, О.Өнөболд Филиппин боксчинг 5:0-ээр, харин Г.Лундаа Бутан тамирчинг 5:0-ээр, Б.Буяндалай Малайзын боксчинг илт давуу/RSC-3/-гаар тус тус ялав.

 

Өнөөдөр эмэгтэй 52, 54, 57, 63, 66, 70, 75 кг жингийн тулаан болно. Мөн эрэгтэй 51 кг жингийн тамирчид тулалдах бөгөөд Монголын 4 боксчин хүч үзэх юм байна. Орой 18 цагаас 52 кг жинд Л.Алтанцэцэг Узбекистаны залуу найдвар, 19 настай 2019 оны өсвөр үеийн Азийн аварга Казакова Ферузатай тулалдах бол 54 кг жинд О.Есүгэн Филиппиний Марисел Дела Торретой хүч үзнэ. Харин эрэгтэйчүүдийн 51 кг-д Х.Энхмандах БНСУ-ын Сехуеонг Жотой тулалдах бол эмэгтэйчүүдийн 63 кг жинд У.Шинэцэцэг Тайванийн тамирчин Чин Вен Сутай тус тус 1/4 финалд хүрэл медалийн төлөө өрсөлдөнө.

 

Өрсөлдөгчид хүчтэй ч манай 4 боксчдын хувьд ялах магадлал өндөр байгаа юм. Х.Энхмандахтай өрсөлдөх Сехуеонг өчигдөр дэлхийн аваргын хүрэл, Азийн наадмын мөнгөн медальт 29 настай Ладон Рогеныг ялсан, хүчтэй, зальтай, их барьдаг стандарт биш  хөдөлгөөнтэй, цээжээрээ их зайлдаг, дээгүүр доогуур хосолсон цохилт ихтэй боксчин байна. Тэрбээр Белградын ДАШТ-д оролцоогүй, 2019 оны ДАШТ-д 2 давж Филиппинийн Пааламд ялагдсан тамирчин байна. Харин Х.Энхмандах  дэлхийн аваргын медальтай олон тамирчдыг буулгаж явсан туршлагатай, мэдээж хүнд тулаан болох ч ялна гэж найдаж байна.


 

О.Есүгэний өрсөлдөгч Марисел 2021 оны Азийн аваргад 1/4 финалд Индонезийн боксчинд ялагдсан манай боксчноос доогуур чансаатай. У.Шинэцэцэгийн өрсөлдөгч Тайванийн боксчин Чин Вен Су энэ оны Тайландын нээлттэй тэмцээнд оролцсон шинэвтэр хүн бололтой. Л.Алтанцэцэгийн өрсөлдөгч 19 настай Узбек охин нутгийнхаа томчуулыг ялаад гарч ирсэн нилээд муугүй боксчин юм байна. Узбекистаны эмэгтэй бокс сүүлийн жилүүдэд огцом өсөж байгаа, мэдээж маш ширүүн өрсөлдөөн гарна. Өнөөдөр бас гоё үзүүштэй тулаанууд болно. Манай Намууныг ялсан Тай боксчин Нилаван Филиппиний дэлхийн аварга Петесиотой, Мөн манай Нандинцэцэгтэй олон удаа учирч өгөөтэй аваатай явсан Казахстаны, дэлхийн аваргын мөнгө, хүрэл, Азийн наадмын мөнгөн медальт 33 настай Жайна Шекербекова Японы Нарита Ханатай тулалдана.

 

Токиогийн олимпын аварга Ирие Сена дэлхийн 2 удаагийн, Азийн 2 удаагийн аварга Тайваны Юу Тинг Линтэй, Азийн 2 удаагийн аварга, Риогийн олимпын хүрэл медальт Казахстаны Дарига Шакимова, Ази тивийн 2 удаагийн аварга Энэтхэгийн Поожа Ранитай тоглоно. Дэлхийн аваргын мөнгөн медальт, цаашид хагас финалд манай Есүгэнтэй таарах өндөр магадлалтай Тайланд боксчин Жутамас Житпонг Узбекистаны Уктамова Нигинатай тулалдах гээд маш үзүүштэй сонирхолтой тулаанууд болно. Эрэгтэйчүүдээс 2021 оны дэлхийн аварга Казахстаны Сакен Бибоссинов, Риогийн олимпын аварга, Дэлхийн аваргын хос мөнгөн медальт, Ази тивийн хошой аварга Узбекистаны тамирчин Хасанбой Дусматов нар тус тус рингэнд гарна.  


Related news