Залуу боксчин Т.Номин-Эрдэнэ өнөөдөр тивийн аваргын төлөө тулалдана
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Йорданы Амман хотноо Ази тивийн 2022 оны аварга шалгаруулах тэмцээн 9 дэх өдрөө үргэлжилж, эрэгтэйчүүдийн хагас шигшээ тулаанд Монголын 5 тамирчин хүч үзэж, 4 нь медалийн өнгөө хувиргаж чадсангүй.
Харин энэ өдрийн 60 кг жинд ОУХМ Б.Буяндалай, Узбекистаны
хүчтэй боксчныг 4:1-ээр ялж тивийн аваргын алтан медалийн төлөө тулалдахаар
шалгарлаа. Тэрбээр Ази тивийн 2022 оны аваргын төлөө Йорданы тамирчин Мухамед
Абу Жажентай тулалдах юм.
Ийнхүү өнөөдөр залуу тамирчин Т.Номин-Эрдэнэ 60 кг-д БНСУ-ын
боксчин Азийн наадам болон тивийн аварга О Ёон Жи-тэй 19 цаг 30 минутаас
аваргын төлөө тулалдана.
Хагас шигшээ тулаанд 51 кг-д ОУХМ Х.Энхмандах, “Рио-2016”
олимпын аварга, Узбекистаны Хасанбой Дусматовтой тулалдахдаа эхний раунд 4:1-ээр
илүүрхэж ялсан ч сүүлийн 2 үед оноо алдаж 5:0-ээр ялагдлаа.
Мөн 57 кг-д залуу тамирчин Г.Лундаа ДАШТ-ий мөнгөн
медальт, Узбекистаны Абдумалик Халаковт 5:0-ээр ялагдаж, өөрийн ур чадвар, туршлагаа ахиуллаа.
Харин 67 кг-д ОУХМ Б.Чинзориг, Тайландын Бунжон Синсирид
4:1-ээр, 71 кг-д ОУХМ О.Бямба-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медальт Казахстаны
Асланбек Шембергеновт 4:1-ээр тус тус ялагдаж, Ази тивийн АШТ-ий хүрэл медальтай
тэмцээнээ дуусгаж байна.
Ийнхүү Дэлхийн армиудын болон Ази тивийн аварга ОУХМ Б.Чинзориг,
ОУХМ О.Бямба-Эрдэнэ нарын хашир туршлагатай, мастерууд энэ удаа өрсөлдөгч
боксчидтойгоо эн тэнцүү ширүүхэн тулалдсан ч ялж чадсангүй.
Тивийн АШТ-ий 13 жинд эрэгтэйчүүд өрсөлдсөнөөс алтан
медалийн төлөө 8 орны боксчид тунаж үлдсэнээс Казахстаны 9, Узбекистаны 7, Йорданы
4, Тайландын 2, Монгол, Энэтхэг, Япон, Филиппин тус бүр нэг боксчин шалгараад
байна.