“Нээлттэй өдөрлөг” зохион байгууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-12-02 07:55:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Биеийн тамир, спортын улсын хороо /БТСУХ/-ны харьяа, Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв /САУЭШТ/-өөс өчигдөр “Нээлттэй өдөрлөг” зохион байгуулав.


Тус өдөрлөгөөр Үндэсний шигшээ багийнханд үзүүлдэг спортын эрдэм шинжилгээний орчин үеийн тоног төхөөрөмж, спортын анагаах ухааны эмчилгээ, үйлчилгээ, сэтгэл зүй болон бие бялдрын ерөнхий сорил, үзлэг, оношилгоог танилцуулж, Үндэсний шигшээ багийн 25 спортын тамирчин, дасгалжуулагч, иргэд оролцсон 300 орчим хүн сайн дураар хамрагдлаа.


Тус төв Үндэсний шигшээ багийн тамирчдад эмнэлгийн тусламжийн үйлчилгээ үзүүлж, тамирчдыг шинжлэх ухааны үндэслэлтэй тэмцээн уралдаанд бэлтгэхэд туслах үндсэн үүрэгтэй. Энэ төв бие даасан бүтэцтэй үйл ажиллагаа өрнүүлээд 2 жилийг үджээ. Өдгөө “Парис-2022” зуны олимп, паралимп, “Милан-2026” өвлийн олимп, паралимпын наадамд бэлтгэгдэж буй тамирчдыг хянаж, дасгал сургуулилтад нь онцгой анхаарч байна.



Түүнчлэн Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвөөр Үндэсний шигшээ багийн 25 спортын 245 тамирчин, нийтийн биеийн тамираар хичээллэгсэд, ахмад тамирчин, дасгалжуулагч, өсвөр, залуучуудын шигшээ багийн тамирчид эмнэлгийн үйлчилгээ авч байгаа юм. Цаашид энэ төв зөвхөн тамирчдаар хязгаарлагдахгүй нийтийн эрүүл мэнд, биеийн тамирт чиглэсэн үйл ажиллагаа явуулахаар зэхэж байгаа аж.


Өдөрлөгийн үеэр БТСУХ-ны дарга Д.Жаргалсайхан хэлсэн үгэндээ “Спортын анагаах ухааны төв Үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагчид төдийгүй иргэдийн дунд үйл ажиллагаа явуулна.  Төв цаашид иргэдийг биеийн тамир, спортоор тогтмол хичээллэж байгаа байдлыг хянах, иргэдээс бие бялдрын сорил авах чиглэлийг БТСУХ-ноос гаргаж тавьсан” хэмээн онцоллоо.


Өдөрлөгт Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ, гавьяат тамирчин Д.Отгондалай, С.Цэрэнчимэд, М.Анхцэцэг, М.Лхагвагэрэл, Г.Болор-Эрдэнэ, Х.Энхтуяа зэрэг алдартай тамирчин хамрагджээ.



Related news