СЭЛЭНГЭ: Багшийн ажиллах, сурагчийн сурах таатай орчныг бүрдүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн боловсролын салбарт 1800 гаруй багш,
сурган хүмүүжүүлэгчид ажиллаж байна. Өнгөрсөн 2020-2022 онд тус аймгийн
хэмжээнд улс, аймаг орон нутгийн төсвөөс 25.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт
хийжээ.
Сэлэнгэ аймгийн хэмжээнд 35 сургууль, 43 цэцэрлэг, 2 МСҮТөв үйл ажиллагаа явуулж байна. Аймгийн
ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2021 оны 60 дугаар тогтоолоор “Сургалтын байгууллага
тоног төхөөрөмж” хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байгаа. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд
аймгийн хэмжээнд ЕБС, цэцэрлэг, МСҮТ-үүдэд сургалтын таатай орчныг бүрдүүлж, сургалтын
байгууллагуудыг тоног төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэхүүнүүдээр хангах нэгдсэн
бодлого, зохицуулалтыг хийсэн байна.
Энэхүү
“Сургалтын байгууллага тоног төхөөрөмж” үйл ажиллагааны хүрээнд 4 тэрбум гаруй
төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийхээр зорьсон бөгөөд 2021 онд улсын төсвөөр 30
сургуульд биологийн хичээлийн 82 төрлийн 436.6 сая төгрөгийн өртөг бүхий
сургалтын хэрэглэгдэхүүнтэй болгожээ.
Мөн
сургууль, цэцэрлэгийн гал тогоог 488,9 сая төгрөгийн тоног төхөөрөмжөөр
хангаснаар сургуулийн 70 хувь, цэцэрлэгийн 80 хувь нь хоол үйлдвэрлэл
үйлчилгээний орчноо сайжруулсан байна.
Тэгвэл
2022 онд Сэлэнгэ аймгийн ерөнхий боловсролын 31 сургууль дизайн технологийн хичээлийн
сургалтын хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмжтэй боллоо. Улсын төсвийн хөрөнгө
оруулалтаар олгож буй дээрх төхөөрөмжийн тусламжтайгаар
иж бүрэн танхимуудыг байгуулжээ.
Сургалтын танимуудыг
байгуулснаар хүүхдүүдийн бүтээлч сэтгэхгүй илүү хөгжих, хамгийн гол нь
суурь боловсролтой болоход ихээхэн дөхөм
болж буй аж.
Энэхүү “Сургалтын байгууллага
тоног төхөөрөмж” хөтөлбөр хэрэгжсэнээр хүүхдийн сурч мэдэх, амьдрах ухаанд
суралцах. Цаашлаад сургалтын чанарт ахиц гарахад, мөн
хүүхэд бүрийг хөгжүүлэхэд нөлөөлсөн том хөрөнгө оруулалт болохын зэрэгцээ сурах
таатай орчин бүрдэж байгаа юм.
Цаашид 2023-2024 онд ерөнхий
боловсролын сургуулиудаа физик, химийн хичээлийн тоног төхөөрөмжтэй болгох,
багш нарыг үе шаттайгаар зөөврийн компьютерээр хангах, сургууль бүрийг
стандарт шаардлагад нийцсэн ширээ сандалтай болгох зорилтоо
хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.