СЭЛЭНГЭ: Сэлэнгэ аймаг түүх, соёлын баялаг өв санг хадгалдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-01-10 17:46:51

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймагт дотоодын болоод гадаадын аялагч, жуулчдын сэтгэлийг татдаг олон сайхан үзэсгэлэнт газар нутаг, онцлог үзмэрүүд байдаг. Тухайлбал зөвхөн нэг өдрийн аялагчид Шаамар сумын нутагт орших “Дэвсэг ээж” буюу Ээж мод, Сүхбаатар хот дахь Хулан хатан, Алтанбулаг дахь Буур хээрийн тал, Оргидог булаг, Тужийн нарс, Цамхаг, Дулаанхаан уул, Алтанбулаг сумын Номтын ам Далийн ягаан цэцэг, Буур хээрийн тал, Гүннуур, Сайханы хөтөл зэрэг үзэсгэлэн төгс байгалийн сайхнаар аялж болно.

 

Дээрх үзмэрүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах үүднээс орон нутгийн төр захиргааны зүгээс аялал жуулчлалыг хөгжүүлэх аливаа үүсгэл санал санаачилгыг дэмжиж, хамтран ажиллаж байна.

 

Сэлэнгэ аймаг нь Хүннүгийн үеийн хүн чулуун хөшөө, булш хиргисүүр, их эзэн Чингис хааны домогт “Буур хээр”-ийн тал, сүсэгтэн олны бишрэл хүндлэл болсон бурхан номын ариун газар Амарбаясгалант хийд, Ардын хувьсгал, газар тариалангийн өлгий нутаг гээд түүх, соёлын баялаг өв сантай.

 

Сэлэнгэ аймгийн аялал жуулчлалын таатай орчин

 

-Орхон Сэлэнгийн бэлчир, Сайханы хөтөл

-Тужийн нарсны байгалийн цогцолборт газар

-Хан-Хэнтийн дархан цаазат газар

-Ардын журамт цэргийн түүхэн ялалтын ой, баатруудад зориулсан

хөшөө дурсгалууд, дайчин алдрын замнал

-Хараа гол, Ерөө, Зэлтэр зэрэг гол мөрөнд спорт загас агнуур хийх,

-Ан агнуур /загас, чоно, бор гөрөөс, зэрлэг гахай гэх мэт/

-Байгалийн дагалдах баялаг

-Шашны болон бөө мөргөлийн аялал жуулчлал. Амарбаясгалант хийд, Ээж мод

-Аймгийн наадам, Цагаан сарын ёслол,

-Урлаг, соёл, спортын олон улсын болон бүс нутгийн чанартай үйл ажиллагаанууд

-Нүүдэлчин монгол үндэсний ёс заншил, ахуй амьдралтай танилцах зэрэг юм.

 

Аймгийн аялал жуулчлалын стратегийн нөөцүүд

 

-ОХУ болон Сэлэнгэ аймгийн хооронд 2 жил тутам зохион байгуулдаг “Эв” модны наадам

-Таван “хаан” уулын тахилга

-Амарбаясгалант хийд “Бумбаны баяр”,”Цам” харайх ёслол

-Ардын журамт цэргийн түүхэн замнал

-Ургацын баяр

-Алтанбулаг Худалдааны чөлөөт бүс, хил орчмын аялал жуулчлал Алтанбулаг-Ардын хувьсгалын өлгий /Анхны түр Засгийн газрын байр, Консулын байр, анхны Банк, анхны Аптек гэх мэт/

-Хаврын ойжуулалт, “Тэрбум мод” хөтөлбөрийн хүрэээнд  

-Усан аялал зэрэг юм.

 

Өнөөдөр Сэлэнгэ аймгийн хэмжээнд байгалийн үзэсгэлэнт газар 43, түүх, соёлын дурсгалт газар 84, эмчилгээ сувилгаа, рашаан ус, эмийн ховор ургамалтай 11 газар байдаг. Монгол Улсын ойн сангийн 12 хувь, урсгал усны 40 хувь, улсын болон орон нутгийн чанартай 1100 км автозам болон Сэлэнгэ аймгийн 7 сумын нутгаар Монгол-ОХУ хамтарсан Улаанбаатар төмөр зам дайран өнгөрдөг.

 

Мөн аймгийн нутаг дэвсгэрийн 9.3 хувийг улсын болон орон нутгийн чанартай,  Тусгай Хамгаалалттай газар нутаг эзэлдэг зэрэг нь аялал жуулчлал хөгжүүлэхэд таатай олон нөхцөл, нөөц боломжийг бүрдүүлж өгдөг. Түүнчлэн аймгийн хэмжээнд аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа эрхэлж буй 20 гаруй жуулчны бааз, амралтын газар, 40 гаруй том, жижиг зочлох үйлчилгээний байгууллага жуулчдыг хүлээн авч, үйлчилж байна.

 

Сэлэнгэ аймаг нь Монгол орны умард хэсэгт Орхон-Сэлэнгийн үзэсгэлэнт ойт хээрийн бүсэд 42.8 мянган кв.км газар нутгийг эзлэн оршдог. Зүүн талаараа Хэнтийн нуруу, баруун талаасаа Хангайн нурууны салбар болох Баянхан, Бүрэнхан, Бүтээл, Дулаанхан, Дэлгэрхан, Сонгоол зэрэг томоохон уул нуруудаар хүрээлэгдэн оршдог.

Цагаан, Гүн, Гялаан, Дангаа, Ишгэнт зэрэг нуур Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Зэлтэр, Хүдэр, Цөх, Шарын гол зэрэг том жижиг 86 гол мөрөнтэй. 120 гаруй мянган хүн ам, 17 сум, 6 тосгонтой, дэд бүтэц сайн хөгжсөн аймаг юм. 



Related news