ЗАВХАН: Хонины ноосон малгай нь хүйтэнд дулаан, халуунд сэрүүн онцлогтой байдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-02-02 14:20:02

Завхан/МОНЦАМЭ/. Эсгийгээр хийдэг үндэсний үйлдвэрлэл гэхээр л хэдэн эсгий шаахай л санаанд буудаг. Тэгвэл “Ургана ноос" ХХК-ийг үүсгэн байгуулагч, Завхан аймгийн иргэн С.Лхагвасүрэн эсгийгээр гоёлын малгай урлаж, эсгий малгайг трэнд болгоод буй юм. Түүний урласан малгай эрэлт их, өөрийн гэсэн хэрэглэгчтэй болсон төдийгүй, Орхон, Улаанбаатар хотод өөрийн салбар цехийг байгуулан ажиллаж байна.


-Ноосоор хүний хэрэгцээний бүхий л зүйлсийг хийж болно гэж та хэлж байсан?

-Тэгэлгүй яахав. Хонь, тэмээний ноос бол монголчуудын гутал, хувцасны гол түүхий эд байсан. Одоо ч хэвээр байгаа. Анх 2017 онд гэртээ хүүхдээ хардаг байсан үед аймгийн Эмэгтэйчүүдийн холбооноос зохион байгуулсан эсгий урлалын сургалтад сууснаар эсгий урлалыг хобби, ажлаа болгожээ. Эсгийгээр гэрийн туурга, дээвэр, гэрийн шаахай л хийж болно гэж боддог байсан бодол маань энэ сургалтад сууснаар эрс өөрчлөгдсөн. Сургалтаа төгсөөд ноос гэдэг зүйлээр ямар олон төрлийн бүтээгдэхүүн хийж болохыг судалж, оролдож мэдээд ноосноос салж чадахгүй байсаар өдий хүрсэн байна.

Одоогоор 6-7 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Бүх бүтээгдэхүүнээ гар аргаар хийж байгаа. Эсгий шаахай, бэлэг дурсгалын зүйлс, малгай, олбог, ширмэл ширдэг, цүнх гээд урлаж байна. Дөрвөн улирал өмсөх малгайг ч ноосоор урлаж байна. Ноосоор орчин үеийн хэв загвараа өөрсдөө гаргаад, малгай, гутал, шаахайг урлаж эхлэхэд үйлчлүүлэгчид их сонирхож хэрэглэж эхэлсэн.


-Таны урладаг бүтээгдэхүүнүүдээс эсгий малгайг онцолж ярья?

-Өнөөдөр хамгийн эрэлттэй бүтээгдэхүүний нэг бол эсгий малгай болоод байна. Малгайны эрэлт нэмэгдсэн  нэг шалтгаан бол аймгийн эмэгтэйчүүдийн холбооны гишүүн эмэгтэйчүүд тэмдэглэлт баяр ёслол, олон нийтийн үйл ажиллагаануудад оролцохдоо хэд хэдэн удаа манай малгайгаар ижилсэж гоёсон. Эндээс хараад л худалдан авагчид нэмэгдсэн. Сайн ч сурталчилгаа болсон. Тэгэхээр эмэгтэйчүүд, эмэгтэйчүүдийнхээ хийсэн бүтээгдэхүүнийг дэмжиж худалдан авалт хийснээр хэний ч үйлдвэрлэл өсөн дэвждэг гэдгийг харуулж чадсан ололттой тал юм. Тиймээс эсгий малгайгаа илүү олон хэрэглэгчдэд хүргэх, түүнчлэн олон эмэгтэйг эсгий урлалд дурлуулах, сургахаар Орхон, Улаанбаатар хотод түр хугацаагаар суурьшиж, онлайнаар болон танхимаар эсгий урлалыг зааж сургаж байна.


-Онлайнаар заадаг гэлээ мэдээж пэйж хуудастай байх?

-Тийм ээ. “Хантансаг” нэртэй пэйжээрээ дамжуулаад цахим сургалтуудыг хийж байна. Сургалтуудаа нэг их үнэтэй биш боломжийн үнээр сонирхсон, холбогдсон хүмүүст хийдэг. Ялангуяа гэртээ хүүхдээ хараад суудаг, өрх толгойлсон, хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдэд үнэ төлбөргүйгээр зааж өгдөг. Өнөөдрийн байдлаар гарын 120 гаруй шавьтай болсон байна. Миний шавь нараас өөрийн цех, өрхийн үйлдвэрлэлийг эхлүүлсэн, амжилттай ажиллаж байгаа олон эмэгтэй бий.


 

-Эсгий малгайны давуу тал нь юу юм бол? Учир нь зах зээлд маш олон төрлийн малгай худалдаалдаг шүү дээ?

-Бүтээгдэхүүний давуу талыг ярихаас урьтаж түүхий эдийн онцлогийг ярих нь зүйтэй байх. Учир нь хонины ноос нь хүний биед олон талын ач тустай түүхий эд болохыг монголчуудын уламжлалт хэрэглээний түүх, эрдэмтдийн судалгаанд өгүүлсэн байдаг.

Энэхүү судалгаагаар хонины ноосны бусдаас давуу шинж чанар нь хүйтэнд дулаан, халуунд сэрүүн, хүний биеэс ялгарах хөлс, чийг, үнэр, хорыг өөртөө шингээж гадагшлуулдаг. Галд тэсвэртэй, цахилгаанждаггүй гэх мэт хүний эрүүл мэндэд ач тустай 15 шинж чанар байдгийг эрдэмтэд тогтоосон байна. Монголчууд эрт дээр үеэс нялх хүүхдийг хонины нэхийд өлгийдөх, монгол гутлын оймс, эсгий гудас, ширмэл ширдэг, гэрийн бүрээс зэргээ зөвхөн хонины ноосоор хийж хэрэглэж байсан. Эсгий бол монголчуудын хувцас хэрэглээний гол түүхий эд байсан. Тиймээс анх цехээ байгуулж эхлээд монгол хонины ноосыг уламжлалт технологи, гар аргаар боловсруулаад малгай хийж эхэлсэн. Харин одоо боловсруулсан хонины ноосоор малгай урлаж байна.

-Боловсруулсан хонины ноос гэхээр, үйлдвэрийн аргаар боловсруулсан ноос гэсэн үг үү?

-Малчдын гар дээрээс авч буй ноос, өөрөөр хэлбэл, хяргасан ноосонд өвс ургамал, элс шороо, будаг тосны бохирдолт ихтэй байдаг тул ноосыг өнгө зэрэг, төрөл чанараар нь ялган, хог, өтөг бууц, хагийг нь унаган, ноосонд наалдсан нарийн хог шороо, зунгагийг угаан, ангилан ялгаж анхан шатны боловсруулалт хийхийг боловсруулсан ноос гээд байгаа юм.

Энэ боловсруулсан ноосоор бүтээгдэхүүн хийхэд илүү хялбар, цаг хугацаа хэмнэж бас бүтээмжийг нэмж байгаа юм. Өмнө нь дөнгөж хяргасан ноосыг малчдаас худалдаж аваад, өөрсдөө гар аргаар, уламжлалт технологиор ялгаж, угааж бүтээгдэхүүн хийхэд цаг хугацаа их шаарддаг байсан. Одоо харин орон нутгийн үйлдвэрт боловсруулсан хонины ноосоор нэг малгайг хоёр хоногт гаргах боломжтой болсон.


-Сайн малгай хийхэд хонины ноосны чанар бас нөлөөлдөг үү?

-Тийм ээ. Монгол орны эрс тэс уур амьсгалд дасан зохицсон монгол хонины ноос дулаан сайн хадгалдаг, бат бөх, галд тэсвэртэй, хиртэлт, элэгдэлт багатай зэрэг онцлог ба давуу чанартай. Монгол хонины ноосыг нийтлэг төрлөөр нь нарийн нарийвтар, бүдүүн, бүдүүвтэр гэж ангилдаг бөгөөд хонины ноосны дийлэнх хувийг буюу 45.8-59.6 хувийг цагаан ноос эзэлдэг. Нийт хонины ноосны 90 орчим хувийг бүдүүн ноос эзэлж байна. Бүдүүн ноост хонины ноос нь бүдүүн ноолуур, завсрын үс, сор үс, хялгас үснээс бүрддэг. Тиймээс ялгах нь чухал байдаг. Мэдээж бүх хогийг нь түүж боловсруулсан, зөв технологиор хяргасан, хонины ноосоор хийсэн бүтээгдэхүүн, хэв загвар сайн сууж, тухайн бүтээгдэхүүний яс чанарт эерэг нөлөөлнө. 


-Малгайгаа зах зээлд хэдэн төгрөгөөр борлуулж байна?

-Үнийн хувьд бид тухайн бүтээгдэхүүнд ногдож байгаа түүхий эд материал ажилчдын цалин, татвар, түрээс, банкны эргэн төлөлт зэргээ тооцоолж гаргасан. Өнөөдөр эсгий углааш гэхэд насанд хүрэгчдийнх нь 45000, хүүхдийнх нь 35000, малгай 55-60 мянган төгрөг, цүнх гэхэд хэмжээнээс шалтгаалаад янз бүр үнэтэй гарч байна.

Малгайгаа зах зээлд борлуулж байгаа үйлдвэрийн малгайнаас илүү давуу чанартай үйлдвэрлэхийг хичээдэг. Мөн үйлдвэрийнх шиг нэг хэв загвараар олон ширхгээр үйлдвэрлэдэггүй. Харин захиалгаар, тухайн захиалагчийн хүссэн өнгийг гаргаж, хүссэн загвараар нь цор ганцыг тухайн хүндээ л зориулж үйлдвэрлэдэг болохоор худалдан авалтад санаа зовдоггүй. Тиймээс захиалгаар гаргаж байгаа малгай бүр өөрийн онцлог, хэв загвартайгаас гадна өвөрмөц өнгөтэй болж чаддаг.

Учир нь хонины ноосыг уламжлалт технологиор хүний биед харшил үзүүлэхгүй, урсахгүй будгаар өнгө гаргаж, ямар ч хэв загвараар урлаж болдог. Хамгийн гол нь бүтээгдэхүүний түүхий эд нь байгалиараа, химийн гаралтай биш байгаад л байгаа юм. Малгай болон гутлын өнгийг гаргахдаа заримдаа боловсруулсан өнгөтэй ноос болон эсгийд зориулсан эко будаг ашигладаг. Бүр улаан манжин, луувангийн шүүсийг ч өнгө гаргахад ашиглаж байна.


-Бүтээгдэхүүний борлуулалт хэр байгаа вэ?

-Борлуулалтын хувьд бид өнгөрсөн өвөл уул уурхайн компаниудтай шууд захиалга авч ажилласан. Мөн аймгийн ЗДТГ, болон бусад төрийн болон хувийн байгууллагуудтай гэрээ байгуулснаар манай бүтээгдэхүүнийг Завхан аймагт зочлон ирж буй гийчдэд гарын бэлэг болгож өгдөг уламжлалыг бий болгосноор борлуулалт маш сайн өссөн. Хамтын ажиллагаа бол хамгийн сайн сурталчилгаа болдог юм билээ. 2018 оны 11 дүгээр сард манай цех өргөжиж "Ургана ноос" ХХК болсон. Компани болчихоор томоохон байгууллагуудтай бүтээгдэхүүнийг олноор нийлүүлэх захиалга тасралтгүй ирдэг. Бид хэрэглэгч, захиалагчдынхаа итгэлийг алдахгүйн тулд бүтээгдэхүүн бүрийг гар аргаар хийж байна. Өнөөдрийн байдлаар байнгын таван хүнийг үндсэн ажилтнаар, таван хүнийг гэрээт ажилтнаар ханган Улиастай, Орхон аймгуудад ажиллаж байна.  


-Оны өмнөхөн та өөрийн урласан эсгий малгай хэрэглэгчдийн дунд сонирхолтой уралдаан зарласан байсан? Яг одоо хэчнээн малгайг урласан байна вэ?

-Залуучууд бид өдөр бүр хөдөлмөрлөж байж, шинэ санаандаа тулгуурлаад үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд гар бие оролцох нь чухал байна. Түүхий эдийг боловсруулж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн болгох нь л чухал юм.

Ер нь малчин монгол хүн өдөр бүр зогсоо зайгүй хөдөлмөрлөж “өрх бүр үйлдвэр, хүн бүр үйлдвэрлэгч” байсаар ирсэн түүхтэй. Энэ үйлдвэрийнх нь ихэнх түүхий эд нь буянт малынх нь хишиг болох сүү, мах, ноос ноолуур, арьс шир юм.


Монгол айл 2000 орчим үйлдэл шаардагддаг 1500 гаруй бүтээгдэхүүнийг гэртээ хийдэг, нүүдэлчин ахуйдаа тохирсон хялбар арга технологи, авсаархан тоног төхөөрөмжтэй байсныг уншиж байсан. Одоо ч уламжлан хадгалсаар, малынхаа хишиг буянаар амьдарсаар байгаа. Гэхдээ мартагдаж бүдгэрсээр байгаа нь ч бас цөөнгүй. Бид “Мал бол амьд үйлдвэр, мал бол явдаг үйлдвэр, малын амьсгалаас бусдыг ашиглаж болно” гэх мэт сүржин бас үнэн үгийг ярьж заншсан. Харин хийж хэрэгжүүлж байгаа нь ямар билээ. Бодох л хэрэгтэй. Манай улс бусад орны үйлдвэрийн үнэт түүхий эдийг хямд үнээр бэлтгэж өгөөд, хэдэн төгрөг олсондоо сэтгэл ханахгүй байгаасай.


Малаас гарч байгаа шар сүү, эвэр, туурай, яс, шөрмөс, нэхий арьс шир гэх мэт үнэт түүхий эдээ үнэгүйдүүлэн хөсөр хаях явдал газар сайгүй л байна. Малын хишиг сүү, мах, ноос ноолуур, арьс ширний анхан шатны боловсруулалтыг эх орондоо хийж үндэсний үйлдвэрээ дэмжихийг л хүсдэг. Хүн бүр, малчин хүн бүр орлогоо нэмэгдүүлэх, малаас гарч байгаа дээрх түүхий эдээрээ гэртээ төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх арга технологийг бие даан сураасай гэж хүсдэг. Тиймээс онлайнаар болон танхимаар сургалт явуулж байна. 


Хонины ноосыг гар аргаар боловсруулаад, эцсийн бүтээгдэхүүн болгож худалдаанд гаргаад байгаа гол бүтээгдэхүүн бол малгай байна. Өнөөдөр бид монгол хонины ноосоор хийсэн бүрх малгайг яагаад өдөр тутамдаа болон гангараанд хэрэглэж, өмсөж болохгүй гэж. Зах зээлд хятадаас болон орос, америкаас ямар түүхий эдээр хийснийг нь сайн мэдэхгүйгээр, хэдэн зуун мянгаар үнэлэгдэх малгайг оруулж ирж, хэрэглэж байхаар, дотоодын үйлдвэрлэгчдийн, монгол ноосоор хийсэн малгайг худалдан авч болохгүй гэж. Өнөөдрийн байдлаар нийт 1500 гаруй малгайг захиалагчдад урлаж өгчээ.


-Ер нь яагаад заавал эсгий урлалыг сонгов?

-Эсгий, ноосыг хэрхэн амьдруулж, хүнд хэрэгцээтэй зүйл урлаж болохыг сургалтаар л олж авсан. Сургалтаар олж авсан мэдлэг дээрээ тулгуурлан уйгагүй ажиллаж, өдөр ирэх бүр шинэ санаа төрж байсан нь энэ урлалыг илүү хөгжүүлэх, дурлах шалтгаан болсон байх. Түүнчлэн ноос бол манай улсад элбэг байгаа түүхий эд шүү дээ.

Өнөөдөр үнэгүйдээд байгаа хонь, тэмээний ноосыг хэрхэн яаж үнэд хүргэж хэрэгцээтэй бүтээгдэхүүн болгох вэ гэдэг бодол өдөр бүр нэмэгдэж байна. Түүгээр ч зогсохгүй хэрэглэгч, хэрэгцээ шаардлага их байх тусмаа энэ урлал, үйлдвэрлэл рүү өөрийн эрхгүй дурлаж байгаа.


Өнөөдөр манай улсад байгаа хамгийн элбэг түүхий эдийг хэрхэн боловсруулах, бүтээгдэхүүн болгож байгаа сайн жишээнүүдийг харж бахархаж, судалж, ажил хэрэг болгох нь миний зорилго болчихлоо. Тэгээд ч залуучууд бид ажилгүй гэхээсээ илүүтэй ямарваа нэгэн зүйлийг өөрийн болгож түүндээ дурлаж илүү ихийг хийх хүсэл тэмүүлэлтэй, бас үүрэг хариуцлагаа ухамсарлах нь бидний амьдралын хэв маяг болох ёстой юм шиг.


Тэгээд ч малын ноос бол амьд түүхий эд. Ноос дулаан илч, энергитэй байдаг. Булга, туулай, үнэг гэхчлэн амьтны амийг тасалж бүтээгдэхүүн урладаггүй. Амьтны амь тасалж хувцас хийгээгүй. Харин ноос бол өөр, дулаахан, хөнгөхөн, бат бөх, эдэлгээ сайтай, бас илч энергитэй амьд түүхий эд шүү дээ.


Монголчууд бид эцэг өвгөдөөс уламжлан ирсэн малын түүхий эдийг боловсруулж амьдралын хэрэгцээндээ ашиглаж байсан арвин түүх, туршлага бий шүү дээ. Энэ бүх зүйл ноосыг бүтээгдэхүүн болгох нь миний зорилго юм. Бүтээгдэхүүнээ урлаж байхдаа үргэлж аз жаргалтай байдаг. Яагаад ч юм цаанаасаа л сэтгэл дүүрэн байдаг шүү.

Монгол орны эрс тэс уур амьсгалд дасан зохицсон монгол хонины ноос дулаан сайн хадгалдаг, бат бөх, галд тэсвэртэй, хиртэлт, элэгдэлт багатай, үс нь сэргэх чадвар сайтай зэрэг онцлог ба давуу чанартай. Дулаан тусгаарлах чадвар нь л гэхэд их. Тодруулбал монгол хонины ноосны ширхэг бүр нь голоороо хөндий гуурстай, гуурс нь агаараар дүүрсэн бүтэцтэй байдаг учир дулааныг сайн тусгаарладаг гэдэг юм билээ. Агаарын чийгшил их үед хонины ноос нь чийгийг шингээгээд дулаан болгон гаргадаг. Ноосон дулаалгын материал дулааныг хадгалж, чийгийг шингээн өрөө тасалгааны бичил уур амьсгалыг тогтмол байлгадаг. Үүнийг байгаль эхээс заяасан энерги үүсгэгч гэж судлаачид хэлсэн байна билээ.

Мөн хонины ноос нь нэмэх 560 хэмд шатдаг учраас амархан шатдаггүй материалын тоонд ордог. Дуу, чимээ тусгаарлах, хорт бодис шингээх чанараараа илт ялгардаг. Ноосны ширхгүүд нь боловсруулалтын явцад нэг чиглэлд эмх замбараатай зулагдах ба ширхгүүд нь орооцолдсон байх тул сайн биежиж, хэв гажилтад хялбар орохгүй байх чадвартай байна. Хамгийн гол нь ноос бол байгалийн сэргээгдэх нөөц. Түүнийг дахин боловcруулах боломжтой, эдэлгээний хугацаа дуусахад бүрэн задарч байгальд шингэдэг. Тэгэхээр бүтээгдэхүүнээс илүү тухайн бүтээгдэхүүний түүхий эд материал маш чухал нөлөөтэй.

Ер нь эсгийгүйгээр монголчуудын амьдралыг төсөөлөх аргагүй. Монголчууд эсгийгээр орд өргөө, өрх үүд, олбог дэвсгэр, тохом тохош, уут сав, гутал оймс, цув нөмрөг, дэвсгэр хаяавч гээд ер нь юм бүрийг хийж хэрэглэж ирсэн түүхтэй. Эсгий бүтээгдэхүүн нь хүйтэнд дулаахан, халуунд сэрүүн, чийг татдаггүй, бат бөх байдаг онцлогтой учраас хүний эрүүл мэндэд их сайн. Эсгий гудас, олбог, дэвсгэр хэрэглэдэг байсан үед ууц нуруу, бөөр давсагны өвчин бага байсан гэж буурлууд ярьцгаадаг. Эсгий бол монголчуудын уламжлалт технологид суурилсан өв соёл юм. Бид уламжлалт өв соёлоо улам дэлгэрүүлж, орчин үеийн технологитой хослуулан өвлөн уламжилж, улмаар өвлүүлэх ёстой. Үүнийг залуучууд бид л санаачлах ёстой шүү дээ.

Ямар нэгэн химийн бодис ороогүй болохоор байгалийн үнэр үнэртдэг, угааж арчлахад сунаж агшихгүй гээд давуу талыг нь дурдаад барахгүй. Монголчууд эсгийг цагаан сүүний бэлгэдэлтэй, сайн сайхныг урин дуудагч гэж ярьдаг. Тиймээс ч шинэ бэрээ цагаан эсгийн дээр алхуулж, цагаан эсгийн дээр сөгдөн тэнгэр бурхандаа мөргөдөг байсан. Өнөөдөр энэ уламжлал сэргэж байна. Гэвч нэг хэсэг эсгий урлалын уламжлал тасрах дөхсөн юм. Харин сүүлийн үед дахин сэргэж, нэр төрөл, хэв маяг нь өөрчлөгдөн хөгжиж байгаад маш их баярладаг.

 -Танд баярлалаа.





Related news