ХЭНТИЙ: Дулааны станц барьснаар агаарын бохирдлыг бууруулахад чухал нөлөө үзүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий /МОНЦАМЭ/ БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “Арван аймгийн төвийн
дулааны станц барих” төслийн хүрээнд
Хэнтий аймагт хэрэгжүүлэгч талууд өнөөдөр хуралдлаа.
Тус аймагт барих дулааны станцын
барилгын ажлын гүйцэтгэгчээр БНСУ-ын “Бьюксан инженеринг” компани, туслан
гүйцэтгэгчээр “Хасу Мегаватт” компани ажиллаж байна. Хурлаар гүйцэтгэгч
компанийн зүгээс “Дулааны станцын барилга угсралтын суурийн ажлыг анх 45 хоногт
гүйцэтгэнэ гэж тооцоолж байсан ч хөрсний ус гарсны улмаас хойшилсон. Алдсан
хугацааг нөхөж ажиллах боломжтой учир гэрээнд заасан хугацааны дагуу 2024 оны
халаалтын улиралд ашиглалтад хүлээлгэн өгнө. Зуухны ачаа Эрээн хотоос Замын-Үүд
суманд буусан. Энэ хавраас барилга угсралтын суурийн ажил үргэлжилж, намар
гэхэд зуух угсралтын ажил дуусна” гэх мэдээллийг өглөө.
БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “Арван аймгийн төвийн дулааны станц барих” төслийн багийн зохицуулагч Ж.Мягмарсүрэнгээс Хэнтий аймагт хэрэгжиж буй дулааны станц барих ажлын явцын талаар тодрууллаа. Тэрбээр хэлэхдээ “Төслийн хэрэгжилт одоогоор 37 хувьтай явж байна. Дулааны станцын суурийн ажил төлөвлөгөөний дагуу 45 хоногт хийгдэж дуусах байсан боловч төсөөлөгдөөгүй, судалгаан дээр гарч ирээгүй их хэмжээний хөрсний ус гарсан. Энэ бол давагдашгүй хүчин зүйл гэж бид үзсэн. Иймээс зургандаа өөрчлөлт оруулаад ажлаа үргэлжлүүлж байна. 45 хоногийн хоцрогдлыг нөхөөд явна гэдгийг сая “Бьюксан инженеринг” компаниас хэлж байна.
Тэгэхээр энэ
чиглэлд Эрчим хүчний яам, төслийн нэгжийн зүгээс дэмжлэг үзүүлж шахаж
ажиллана. 2024 оны зургаадугаар сард дулааны станцыг ашиглалтад өгөх гэрээтэй байгаа.
Хэнтий аймгийн хувьд 16 дулаан дамжуулах төв байр луу 13 км шугам тавигдана. Бидний
тооцоолсноор 30Гкал/ц-ийн хүчин чадалтай зуухнаас хувийн орон сууц 60, аж ахуйн
нэгж байгууллага 112, төсөвт байгууллага 65, нийт 69 орон сууцыг дулаанаар
хангана гэдэг дулааны станцын хүчин чадалд тохирсон хэрэглэгчдийн судалгааг
гаргасан. Зөвхөн халаалтаас гадна хэрэглээний халуун усны асуудлыг ч шийдэж
байгаагаараа онцлог. Хамгийн гол нь энэ станцын ач холбогдол бол дулаан,
хэрэглээний халуун уснаас гадна агаарын бохирдлын асуудлыг шийдвэрлэхэд хамгийн
гол нөлөөтэй гэж үзэж байна” гэлээ.