ЗАВХАН: Малчид бэлтгэсэн өвс, тэжээлийнхээ 90 хувийг нь зарцуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-02-09 12:34:40

Завхан /МОНЦАМЭ/. Тус аймгийн 18 сум зудтай байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 43.0 мянган том мал зүй бусаар хорогджээ.  

2022-2023 оны өвөл, хавар аймгийн хэмжээнд 9.9 мянган малчин өрхийн 6.6 сая мал өвөлжиж, хаваржиж байна. Төллөх насны 1519.3 мянган хээлтэгч малын 89.8 хувь нь төллөж, 1339,0 мянган төл бойжсон. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах талаар холбогдох газрууд, малчидтай хамтран 90 гаруй хувьтай бэлтгэл хангагдсан ч цаг агаарын хүнд нөхцөлөөс болж бэлтгэсэн өвс тэжээл хүрэлцэхгүй байгаа. 

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 461 дүгээр  тогтоолын   дагуу  50 хувь хямдарсан 1267.8 тонн тэжээлийг улсын нөөцөөс 9859 малчин өрхөд олгох ажил 81 хувийн биелэлттэй явж байна. Харин аймгийн нөөцөд бэлтгэсэн, 266 тн өвс, 73.5 тн хивэг, 50 тн ногоон тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр аймгийн Засаг даргын баталсан хуваарийн дагуу 24 сумын 116 багт бүрэн олгосон. 


Шинээр аймгийн орон нутгийн хөгжлийн сангаас 120 сая төгрөгөөр аймгийн нөөцөд  115  тн  өвс  Сэлэнгэ аймгаас татан авахаар ажиллаж байна. Түүнчлэн сумдын аюулгүйн нөөцөд, 731.2  тн  өвс, 73.3 тн тэжээл бэлтгэж, малчид, мал бүхий иргэдэд хуваарилан зарцуулсан. Малчид, мал бүхий иргэдийн бэлтгэсэн аюулгүйн нөөцөд, өвс, хадлан 19837 тн, малын тэжээл 4768 тн, гар тэжээл 236 тн, давс, хужир шүү 2315 тонныг тус тус бэлтгэснээс 90 хувийг нь зарцуулаад байна гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

 

Зудын нөхцөл байдалтай холбоотой хүмүүнлэгийн тусламж, дэмжлэгийг малчдад олгосоор байна.


Наро банчэн хутагт сангаас 800 боодол өвсийг гурван сумын малчин өрхөд олгожээ. Харин Монголын улаан загалмайн нийгэмлэгээс таван сумын 50 өрхөд 18.5 сая төгрөгийн бэлэн мөнгөний дэмжлэг үзүүлжээ.

"Дэлхийн зөн Монгол" Олон улсын байгууллагаас таван сумын 270 өрхөд 81 сая төгрөгийн бэлэн мөнгөний дэмжлэг үзүүлсэн. "Дэлхийн зөн Монгол" Олон улсын байгууллага, төрийн болон хувийн аж ахуйн нэгж байгууллагуудаас гамшгаас урьдчилан сэргийлэх “Хамтдаа давъя” аяныг явуулж, таван сумын 270 өрхөд 52,5 сая төгрөгийн хүнс болон малын тэжээлийн дэмжлэг. Мөн зудын эрсдэлтэй байгаа хоёр сумын 50 малчин өрхийн 50 хүүхдэд нийт 7.5 сая төгрөгийн дулаан хувцас, ариун цэврийн багцын дэмжлэг үзүүлжээ.


 

Related news