БУЛГАН: Улсын хэмжээний арвай буудайн хэрэгцээний 15-20 хувийг хангадаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2023-02-14 09:38:06

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн тариаланчдаас Хутаг-Өндөр сумын “Гурван борхууд” ХХК энэ жил “Улсын тэргүүний тариаланч хамт олон”-оор шалгарсан юм. Тус компанийн захирал Гаравсүрэнгийн Баасансүрэнтэй уулзаж ярилцлаа.

         

- “Гурван борхууд” компанийн онцлог, амжилтын үндсийг юу гэж үзэж байна вэ?

- Манайх газар тариалангийн үйлдвэрлэл эрхлээд нийт 25 жил болж байна. Үүнээс 15 жилд нь халтар арвайн үйлдвэрлэл тариалалтыг эрхлэн явуулж байгаа. Халтар арвайн хувьд зургаан кг үр анх авчирч үржүүлээд одоо 500 га талбайд тариалах хэмжээний үртэй, бас борлуулалт хийгээд явж байна. Нийтдээ 20 гаруй хүнийг ажлын байраар ханган ажиллаж байна. Манай компанийн давуу тал бол тогтвор суурьшилтай ажилладаг ажиллагсад олонтой. Тийм учраас үндсэн үйлдвэрлэл, нэр төрлийн хэмжээг алдахгүй, чанар стандартыг сайн хангаж ажилладаг онцлогтой давуу талтай хамт олон.


- “Хантай арвайн гурил” Булган аймгийн хүнсний нэгэн брэнд бүтээгдэхүүн. Худалдан авагч, хэрэглэгчдийн хувьд хаана зах зээл нь түлхүү байна вэ?

- Манай халтар арвайн гурил бусад арвайн гурилаас давуу тал ихтэй. Үнэр, амтаараа онцлогтой. Тийм учраас эрэлт хэрэгцээ, борлуулалтын хувьд өндөр байдаг. Улаанбаатар хот, Орхон, Хөвсгөл, Дархан-Уул, Сэлэнгэ, Архангай гэсэн аймагт захиалга их байна. Сүүлийн үед говийн бүсийн аймаг руу маш их борлуулж байна. Ер нь хүмүүсийн сэтгэлд нийцсэн бүтээгдэхүүн болж байна гэж үздэг.

Манай компанийн үйлдвэрлэл эхэлсэн цагаасаа хойш нэлээд олон цайны компаниас захиалга авч ажиллаж байна. Хийцтэй цайны үндсэн түүхий эд халтар арвайн гурил болсон. Хөвсгөл аймгийн “Баавар” цай бол сүүлийн арваад жил манай халтар арвайн гурилыг цайны хийцэд оруулж байна. Улаанбаатар хотын “Хаан”, “Хатан” цай гээд олон цайны үйлдвэр арвайн гурил авч үндсэн түүхий эдээ болгодог. Сүүлийн үед Улаанбаатар хотод нарийн боовны үйлдвэрүүд үндсэн түүхий эдээ болгож, манай арвайн гурилаар бүтээгдэхүүнээ хийж байна. Тийм учраас борлуулалт, эрэлт хэрэгцээний хувьд хамгийн сайн бүтээгдэхүүн болж байгаа гэж манай хамт олон үздэг.


- “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн, “Хүнсний хувьсгал” өрнөж, дотоодын хэрэгцээгээ хангах зорилт тавьж байна. Танай хамт олон ямар хувь нэмэр оруулж байна вэ?

- Жилдээ 10 гаруй тонн арвайн гурил үйлдвэрлэж борлуулна. Мөн халтар арвайгаар нь 70-80 тоннын борлуулалт хийдэг. Нийтдээ жилд 400-500 тонн арвай хураан авдаг. Жилийн турш борлуулалттай бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулдаг.

Улсын хэмжээний арвайн гурилын үйлдвэрлэлийн 50-60 хувийг нийлүүлэх боломжтой гэж бодож явдаг. Одоогоор бол 15-20 орчим хувийг хангаж байгаа байх. Хүнсний энэ төрлийг хөгжүүлбэл ирээдүйтэй, органик бүтээгдэхүүн болж чадах бүтээгдхүүн л дээ.


- Арвайн хувьд ямар төрлийн сорт тариалж байна. Онцлог байна уу?

- Халтар арвайн олон төрлийн сорт бий. Алаг-Эрдэнэ, ноёд сорт тарьдаг. Сүүлийн үед бол Алаг-Эрдэнэ гэдэг сорт голлож байна. Манай улсын хэмжээнд халтар арвайн үр халтар арвайн сорт гэдэг их цөөрсөн. Өөрсдийн боломж бололцоогоор өөрийн үндсэн сортоо үржүүлээд явж байна. Шинэ сорт байхгүй. Өнгөний хувьд халтар хар өнгөтэй. Гурил хийхээр хүрэн бор өнгөтэй болдог. Сортны онцлог бол үнэртэх нь илүү сайн болохоор манай бүтээгдэхүүн “Үнэрлээд үз” гэдэг сурталчилгаатай. Онцлогтой сорт.


- Үйлдвэрлэлийн хувьд уламжлалт болон орчин үеийн үйлдвэр хосолсон арвай хуурах нь гар аргаар, гурил тээрэмдэх нь орчин үеийн технологитой байна. Онцлог технологийн өөрчлөлт хийсэн зүйл байдаг уу?

- Тариалалтын хувьд онцлогтой. Улаанбуудайг бодвол арвай иш нарийн учраас уналт, хаягдал ихтэй. Тийм учраас 15 жилийн хугацаанд бий болгосон дадлага туршлагаараа үйлдвэрлэл эрхэлж байгаа. Халтар арвайн гурилыг монгол аргаар хийхээр зарим хүмүүст их таалагддаг. Заримд нь таалагддаггүй байж магадгүй. Мэдээж үнэр, амтыг алдагдуулахгүй байхын тулд байнга хичээж ажилладаг. Хууралтын дараах зарим нэг түлэгдсэн хальсыг салгаж авдаг технологийг нэвтрүүлсэн. Хүмүүсийн таашаалд нийцүүлэхийн тулд арвайн хальсны 70-60 хувийг салгаж авдаг болсон. Хальсалдаг технологи нэвтрүүлснээр өнгө нь бас ялимгүй цайсан байгаа. Бас хуурсан арвайг хэт их цэвэрлэвэл гурилын амт, үнэр багасаж өөрчлөгдөнө гэж манай ажилчид бас зөвлөдөг.

          - Бүтээгдэхүүний хувьд чанар, стандартын ямар баталгаа авсан бэ?

       - Стандартад нийцсэн бүтээгдэхүүн. “Органик бүтээгдэхүүн” гэсэн тэмдэг авбал олон улсын хэмжээнд гарах боломжтой. Энэ стандартыг хангахаар ажиллаж байна.

Арвайн гурил бол өөр түүхий эд ороогүй бүтээгдэхүүн. Тиймээс хүмүүсийн сэтгэлд нийцсэн хүнс болж байна. Халтар арвай цавуулаг байхгүй. Улаанбуудайн гурил шиг зураад элдэхгүй. Цавуулаггүй болохоор эрүүл бүтээгдэхүүн. Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сайжруулна гэж сурталчилдаг учир нь энэ.

Related news